“Зөв ажиллавал 2018 оноос хөрөнгө оруулалт наашилна”

2016-11-23 09:31:00

Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Г.Жаргалсайхантай хөрөнгө оруулалтын чиг хандлагын талаар ярилцлаа.

undefined-Засгийн газрын шинээр үүсгэн байгуулсан Үндэсний хөгжлийн газрын үндсэн чиг үүрэг нь юу вэ?

-Засгийн газрын бүтцэд хамаарах тохируулагч агентлаг. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд улсын хэтийн болон дунд хугацааны стратеги боловсруулах хүрээнд хариуцлага хүлээж ажиллана. Ерөнхий сайд, Засгийн газрын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн бодлого, стратеги, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын чиглэлээр зөвлөж ажиллана. Мөн эдийн засгийн тэнцвэрт харьцаа, салбар хоорондын бодлогын уялдаа, улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтын үр ашигтай, оновчтой төлөвлөлтийг зохион байгуулж ажиллана гэсэн үг. Ялангуяа хөрөнгө оруулалтыг татах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хангаж ажиллах, эдийн засгийн аюулгүй байдлын хангах, санхүүгийн системийг хангаж ажиллах чиг үүрэгтэй.

-Сүүлийн хэдэн жил улстөрөөс шууд болон шууд бус хамааралтайгаар хөрөнгө оруулагчид Монголоос “зугтчихсан” нөхцөлд хөрөнгө оруулагчдыг татах ямар боломж байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого өрөөсгөл явж ирсний улмаас Монголд хөрөнгө оруулагчид үргэж дайжин, хөрөнгө оруулалтаа татсан. Гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа доголдсон. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт хасах руу орчихсон байгаа нь улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн тогтворгүй байдалтай шууд хамааралтай. Засгийн газраас улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн орчныг тогтвортой байлгаж, өмнө нь хэрэгжүүлж байсан бодлогуудын залгамж чанарыг хадгалах, хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх, одоо байгаа хөрөнгө оруулагчдаа тогтоох бодлого баримталж ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд яагаад хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсныг дүгнэхээр ажиллаж байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын эрх яаж зөрчигдсөн, тэдний эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд Дэлхийн банк, олон улсын байгууллагатай хамтарч гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нэгж байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан “Хөрөнгө оруулагчдын эрх ашиг зөрчигдсөн хууль эрхзүйн орчин бий болсон эсэх” талаар шалгах ажлын хэсэг байгуулаад эхний дүгнэлтээ гаргаад байгаа. Тодорхой тооны хууль эрхзүйн актыг шинэчлэх шаардлагатай байна гэсэн санал гаргасан.

-Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт энэ салбарын хөрөнгө оруулалттай шууд хамааралтай. Уул уурхайгаас өөр салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татах боломж бий юу?

-Монгол Улсын давуу тал бол байгалийн баялаг хэдий ч дан ганц салбараас мөнгө олох нь өрөөсгөл ойлголт. Уул уурхайн салбар нь дэлхийн зах зээл дээрх эрдэс баялаг, түүхий эдийн үнийн өсөлт бууралтаас шууд хамааралтай байдаг. Нөгөө талаас манай улс ганц байгалийн баялагтай орон биш. Газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал гэсэн олон давуу талаа ашиглан хөрөнгө оруулалтыг татах бодлого боловсруулж, хөтөлбөр гаргахаар ажиллаж байна. Эдийн засгаа солонгоруулахын тулд уул уурхайгаас гадна бусад салбарууддаа хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлье гэж ярилцаж байгаа. Үүнээс гадна бид тоомохон мега төслүүдээ хэрэгжүүлэх шаардлагатай. Том төслүүдийг дагаад олон жижиг бизнес хөгжих, олон тооны хөрөнгө оруулалтууд хэрэгжих боломжтой болно. Ойрын хугацаанд хэрэгжихэд бэлэн болсон том төслүүдээ шуурхай явуулах зорилт тавьсан.

-Эхний ээлжинд хэрэгжүүлэх ямар төслүүд байна вэ?

-Эрчим хүчний хэд хэдэн төсөл бий. Тухайлбал, “Таван толгой цахилгаан станц” төсөл гэх мэт нөхөн сэргээгддэг, шууд мөнгө ордог төслүүдээ хөдөлгөхөөр болсон. Мөн авто зам, төмөр зам гэх мэт дэд бүтцийн төслүүдээ урагшлуулах шаардлага гарч байгаа юм. Бүх дэд бүтцүүдээ тавихгүйгээр шууд гадаадын зах зээлд гаргах нь үр ашиггүй. Нөгөө талаас уул уурхайн тээвэрлэлт сөрөгөөр нөлөөлж байгаа учраас бүтээмжээ дээшлүүлэх, бүтээгдэхүүний үнэ, экспортоо нэмэгдүүлэхийн тулд төмөр зам, авто замтай болж, ложистикийн үйлчилгээг давхар яриад явъя гэсэн байр суурьтай байгаа.

-Эдийн засаг нь унасан, төсөв нь хүрэлцэхгүй, зээлжих зэрэглэлийг нь бууруулчихсан ийм нөхцөлд хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж байна уу?

-Дэлхийн эдийн засагт 2015 оноос өсөлт ажиглагдсаар байгаа. Харин манай улсын хувьд хөрөнгө оруулалт бууралттай, нэмэгдэхгүй байна. Хөрөнгө оруулагчдын хувьд шинэ Засгийн газрын үйл ажиллагааг ажиглаж, хүлээлтийн байдалтай байгаад байна. Сүүлийн үед гадаадаас ирж байгаа хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байгаа, бидний зүгээс ч уулзалтууд хийсэн. Хөрөнгө оруулагчид монголын эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрхзүйн орчинг тандсан байдалтай байна.

Хөрөнгө оруулалт буурсан нь нөгөө талаар давуу тал гэж харж болно. Монгол Улсыг цаашдаа хөгжүүлэх, урт хугацааны бодлогоо боловсруулахад цэгцтэй бодлого гаргахад дөхөм болж өгч байна. Байгалийн баялаг, хөдөө аж ахуйн түүхий бүтээгдэхүүн, онгон байгаль, түүх соёлоо давуу тал болгох боломж харагдаж гарч байж болно. Бид хурдан хугацаанд бодлого боловсруулахаас шалтгаалж хөрөнгө оруулагч нар нааштай хандана. Юуны түрүүнд хөрөнгө оруулагчдыг аль болох дэмжиж, зөв бодлого боловсруулах хэрэгтэй байна. Мөн хэрэгжих боломжтой томоохон төслүүддээ гадны хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлж байна. Бидний тооцооллоор 2017 оны хавар гэхэд бид зөв бодлогоо боловсруулж дуусах ёстой. Үүний зэрэгцээ том төслүүдээ хөдөлгөөд эхэлбэл хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ. 2018 оноос хөрөнгө оруулагчид орж ирэх боломжтой гэж харж байна. Нөгөө талаар улстөрийн тогтвортой байдал чухал. УИХ-д нэг нам олонх болсон учраас тогтвортой байх боломж бүрдэж байна. Гадаадын гэлтгүй дотоодын бизнес эрхлэгчид ч гэсэн улс төр тогтвортой, хууль эрхзүйн орчин сайжирна гэсэн найдлагатай болсон.

-Олон улсын агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулчихлаа. Энэ нь хөрөнгө оруулалт, гадны томоохон зээлүүдэд яаж нөлөөлөх вэ?

-Мэдээж, зээлжих зэрэглэлийг бууруулж байгаа нь хөрөнгө оруулалтыг татахад шууд нөлөөлнө.Тиймээс том төслүүддээ л найдлага тавьж байна. Мега төслүүд гацаанаас гарч, зөв бодлого хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.

-Одоо ажиллаж байгаа “Оюутолгой”, “Тавантолгой” төслүүд дээр улстөрчдийн хувьд олон янзын байр суурьтай байдаг. Энэ төслүүдээ үргэлжлүүлээд явах нь зөв үү, эсвэл...?

-Нэгэнт гэрээ хийсэн, үйл ажиллагаа нь явж байгаа төслүүдээ энэ хэвээр нь үргэлжлүүлэх нь зөв. Хөрөнгө оруулагчдын гол эмээдэг зүйл нь гэрээнд өөрчлөлт оруулах асуудал байдаг. Тиймээс эдийн засагт нөлөөлөхүйц төслүүдээ одоогийнхоор нь үргэлжлүүлээд явах нь зөв.

Эх сурвалж: www.news.mn

Ярилцсан Ш.ОЮУНЧИМЭГ





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.