Салбар, яамдуудын хөгжлийн бодлого төлөвлөгчид зөвлөлдлөө

2016-11-28 14:11:00

Үндэсний хөгжлийн газар, Олон Улсын Санхүүгийн корпорацтай хамтран “Салбарын хөгжлийн бодлого төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт”-ыг бүх яамдын хөгжлийн бодлого төлөвлөгч нарын уулзалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг уулзалтад Төрийн байгуулалтын байнгийн хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Б.Транкман, Олон Улсын Санхүүгийн корпорацийн зөвлөх хатагтай Жюли Бэйкин, Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Масаюки Ишида болон яамдуудын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нар оролцож, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал бодлоо солилцож, зөвлөлдлөө. 

Энэхүү уулзалт нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах, хөгжлийн бодлого төлөвлөгч нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилготойгоор зохион байгуулагдсанаараа ихээхэн онцлогтой болж өнгөрөв.                                                     

Тодруулбал, зөвлөлдөх уулзалтаар “Үндэсний хөгжлийн газрын чиг үүрэг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”,  “Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт”, “Монгол Улсын Хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын суурь судалгаа” гэсэн сэдвээр илтгэл тавьж дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрч чадсан юм.

Ингээд зөвлөлдөх уулзалтад оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

undefinedН.Энхболд:Урт хугацааны хөгжлийн бодлогоо нэг байгууллагаар, нэг шугамаар хийж байх зорилт тавьсан

Төрийн байгуулалтын байнгийн хорооны дарга Н.Энхболд:

“Шинэ Засгийн газар байгуулагдаад урт хугацааны бодлогоо нэг байгууллагаар нэг шугамаар буюу нэг хаалгаар хийж байя гэсэн зорилт тавиад Үндэсний хөгжлийн газрыг байгуулсан. Үүний өмнөх УИХ-аар “Тогтвортой хөгжил үзэл баримтлал”, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль” гэсэн хоёр том баримт бичиг гарсан. Гэвч гол санаа нь хэрэгжихгүй байна. Салбар,  яам болон орон нутаг болгон өөрсдөө хөгжлийн бодлогоо төлөвлөж, түүнийг нь Сангийн яам дээр авчраад, мөнгөндөө таарсныг нь сугалж аваад манай хөгжлийн бодлого төлөвлөлт энэ гээд явдаг байсан. Харин эдгээр замбараагүй эмх цэгцгүй зүйлсүүдийг арилгах зорилгоор дээрх хоёр том баримт бичиг болон Үндэсний хөгжлийн газар байгуулагдсан. Энэ байгууллагын зорилго бол Ерөнхий сайдын дэргэд ажиллаж, сайд өөрөө улс төрийн хүсэл эрмэлзэлтэй хөгжлийн бодлогоо тодорхойлж, хуулийн дагуу ажлын аппарат маягаар ажиллуулж, Монгол Улсын хөгжлийн ерөнхий загварыг төлөвлөж гаргаж ирдэг байх ёстой. Тэгээд үүндээ таарсан зорилтуудыг дэвшүүлээд, тэр зорилтыг яамдууд болон агентлагууд хийж хэрэгжүүлдэг байх. Үнэндээ 2012-2016 он гэхэд үнэн замбараагүй явж ирсэн. Яам болгон бодлогогүй, сайд болон тухайн газрын эрх мэдэлтнүүд нь шал өөр зүйл яриад явдаг байсан. Тиймээс энэ замбараагүй байдлыг өөрчлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Тийм учраас дээрх ажлыг хийж байна. Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн  тухай хуулинд хяналт тавих гол байгууллага бол УИХ-ын Төрийн байгууллалтын байнгын хороо юм. Бидний зүгээс хөгжлийн урт, богино, дунд хугацааны төлөвлөгөө, төсвийн боловсруулалт, үндсэн чиглэл боловсруулалтаа 2030 он хүртэл төлөвлөсөн ерөнхий зургандаа багтааж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу хий гэсэн шаардлагыг тавьж байгаа. Засгийн газар нь өөрөө Үндэсний хөгжлийн газар дээр Монгол Улсын 2017 онд хийх ажлын төлөвлөгөө гаргаж өгдөг байх ёстой” гэлээ. 

Б.Баярсайхан: Улс орны хөгжлийн бодлогыг төлөвлөж явна

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан:

“Энэ удаагийн зөвлөгөөнөөр салбар яамдуудын төсөл хөтөлбөрүүдийг хүлээж авч сонслоо. Манайх хэд хоногийн өмнө Олон улсын санхүүгийн корпороцитай хамтарч төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлж цэгцлэх, техник эдийн засгийн үнэлгээг дахин шинэчлэх ажилд санамж бичиг байгуулсан. Цаашид улсын эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлэх ёстой гэж үзсэн. Тодруулбал, улсын хөгжлийн бодлогод хэр нийцсэн эсэхийг судалж цэгцэлнэ гэсэн үг юм.  

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ийн 1 дүгээр үе шат 2016-2020 оны зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, УИХ, Засгийн газраас баталсан Үндэсний, салбарын, салбар дундын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, шинэчлэх, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор санал солилцож, хэрэгжүүлэхээр төсөл, арга хэмжээтэй танилцлаа.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулин дээр манай газрын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар тодорхой заасан байгаа.  Үндэсний хөгжлийн газар салбар, яамдуудын уялдаа холбоог мөн орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах, бодлого боловсруулан гаргаж ажиллана. Цаашид шат дараалалтай зөвлөлдөж байж, улс орны хөгжлийн бодлогыг төлөвлөж явна.

Мөн хөрөнгө оруулалтыг татах, итгэлийг нь сэргээх тал дээр хөрөнгө оруулагч нартай  уулзахаас өмнө эхлээд эдийн засгийн ач холбогдлыг эрэмбэлэх цэгцлэх, текник эдийн засгийн үндэслэл маш сайн байх ёстой гэдгийг баримталж байна. Тэгж байж хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж наашлах болов уу гэж бодож байна” гэв. 

undefinedД.Эрдэнэбаяр: Улсын томоохон төслүүд болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Засгийн газарт өргөн барина

Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлогын зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр

“Энэ онд “Монгол Улсын тогтвортой хөгжил үзэл баримтлал 2030” гэсэн баримт бичгийг УИХ-аас баталсан. Үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг бүх яамдууд хэрэгжүүлж боловсруулахаар бүх яамдын стратегийн газрын дарга нар, Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Олон Улсын санхүүгийн Корпораци зэрэг удирдлагууд цугларч оролцлоо. Энэхүү арга хэмжээнээс гарах үр дүнгийн тухайд ирэх 4 жилд хэрэгжүүлэх улсын томоохон төслүүдийг нийлүүлж, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Засгийн газарт өргөн барих зорилготой арга хэмжээ болов. 2030 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр дотроо 3 үе шаттай байгаа. Өнөөдөр 1 дүгээр үе шаттыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцав. УИХ, Засгийн газраас нийтдээ 100 гаруй баримт бичиг батлагдсан байдаг. Үүнийг шинэчилж, дээрх шинэ баримт бичигт уялдуулж, боловсруулах чиг үүргийг өгсөн болохоор бүх яамдтай хамтарч 2017 онд шинэ бодлогуудыг хооронд нь уялдуулж шинэчлэн боловсруулах зорилготой байгаа” гэв. 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.