Орон нутгийн хөгжил, хүүхдэд ээлтэй аймаг зөвлөгөөн боллоо

2017-08-10 11:56:00

undefined

Энэ сарын 7-нд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Баянхонгор аймагт “Орон нутгийн хөгжил, хүүхдэд ээлтэй аймаг” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, ЗГХЭГ-ын референт С.Балжинням, ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн болон 15 сумын Засаг дарга оролцов.

Зөвлөгөөний эхний хэсэгт Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахад орон нутгийн оролцоо, сумын хөгжлийн загвар, нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл бизнесийн барилга байгууламжийн нэг маягийн зураг, Орон нутгийн хөгжлийн индекс тооцох шинэчилсэн аргачлал, индексийн ач холбогдол, аж үйлдвэрийн нэгдсэн тооллого, Орон нутагт соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг сэдвүүдээр салбар хариуцсан мэргэжилтэн, судлаачид илтгэл тавилаа.

Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо арван жилээр төлөвлөж гаргаад тус хөтөлбөр дуусч байна. Тиймээс ҮХГ-аас орон нутагт ажиллаж 2018 онд батлуулах шинэ хөгжлийн хөтөлбөрт юуг анхаарах, орон нутагт нөхцөл байдал ямар байгаа, орон нутгийн зүгээс ямар санал, санаачилга гаргах зэргийг харилцан зөвшилцөхөд энэ удаад анхаарчээ. Баянхонгор аймгийн Засаг дарга, “Өмнөх бүсчилсэн хөгжлийн бодлогоор манай аймаг хангайн бүсэд хамаарсан. Бүсийн төвийг Хархорин гэж тусгасан. Гэвч өнөөдөр ямар нэгэн өөрчлөлт гарч, хөгжсөн зүйл амьдрал дээр харагдахгүй байна. Тиймээс бид цаашдаа бүсчлэлийг илүү жижгэрүүлж, нийслэл рүү чиглэсэн төв замын зангилаа тус бүрт бүсийн төвийг байгуулах нь илүү оновчтой гэж харж байна. Тухайлбал Ховд, Баян-Өлгий, Увс аймгууд нэг бүс. Баянхонгор, Говь-Алтай, Завхан нэг бүс болж, дундаа нэг бүсийн төвтэй байх юм бол хөгжих боломж илүү” гэдгийг хэллээ.

Мөн сумын хөгжлийн загвар, нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл бизнесийн барилга байгууламжийн нэг маягийн зурагтай байх асуудлыг энд хөндлөө. Сум өөрийн хүн ам, газар зүйн байрлал, дэд бүтцэд тохирсон хөгжлийн загварыг бий болгох ёстой. Тэгж чадаагүйгээс Төв аймгийн нэг суманд 960 хүүхдийн багтаамжтай сургууль баригдаж, тэнд ердөө зургаан бүлэг л үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тиймээс сум хөгжлийн ерөнхий загвартаа тулгуурлан, өөрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн барилгын захиалгыг цаашдаа өгөөд явах юм. Уг ажлын судалгаа бүрэн хийгдэж, энэ хэлбэр рүү шилжээд эхэлжээ.

Орон нутгийн хөгжлийн индекс тооцох шинэчилсэн аргачлалыг энэ үеэр танилцууллаа. Таван бүлэг, 39 үзүүлэлтээр тодорхойлох уг аргачлалыг үнэн зөв бөглөснөөр Монгол Улс сумын хөгжлийн эрэмбэлэх, эдийн засгийн ололт хэр үр дүнтэй байгааг тодорхойлох, олон улсын болон донор байгууллагуудад судалгааны материал болох, иргэд сум, орон нутгийнхаа талаарх мэдээллээр бүрэн хангагдах гээд олон давуу талууд бий болох аж. Өмнөх жишгээс харахад төсвөөс сумдад мөнгийг хуваарилахдаа хамгийн муу хөгжилтэй гэж тодорхойлогдсон сумдад илүү мөнгө хуваарилах хандлага байснаас болж сумд өөрсдийн мэдээллээ бууруулж, муу харагдахаар явуулж иржээ. Тиймээс уг индекс тооцох аргачлал өөрчлөгдсөнөөр урамшууллын хэлбэрт өөрчлөлт орж, хаана хөгжиж байна, тэнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бололцоо бүрдэхээр байна. Баянхонгор аймгийн тухайд сумдаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэж хөгжлийн индексийг тодорхойлоход Баянлиг хамгийн сайн байсан бол Эрдэнэцогт сум хамгийн муу гэж гарчээ.

Зөвлөгөөний хоёрдугаар хагаст НҮБ-ын Хүүхдийн сан, Баянхонгор аймгийн ЗДТГ хамтран Хүүхдэд ээлтэй аймаг болох таван жилийн стратеги, хамтын ажиллагаа, хүрэх үр дүнгийн талаар хэлэлцлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Тунгалаг, Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа нар ирж, мэдээлэл хүргэв.

НҮБ-аас дэлхийн 192 орон таван жил тутамд хүүхдэд чиглэсэн хөтөлбөрийг батлан ажилладаг байна. Энэ удаагийн Баянхонгор аймагт хэрэгжиж буй хөтөлбөр манай улсад хэрэгжиж буй тав дахь удаагийнх юм. 2017-2021 онд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө аль хэдийнээ гарсан байна. Албан ёсоор эхлээгүй боловч дөрөвдүгээр сараас эхлэн талууд хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.

2012-2017 онд хөтөлбөр Хөвсгөл, нийслэлийн Налайх дүүрэгт тус тус хэрэгжиж, сайн туршлагууд бий болж үр дүнгээ өгсөн байна. Энд бий болсон сайн туршлагуудыг ч Баянхонгор аймагт бий болгоно. Тухайлбал, контейнрь ашиглан ариун цэврийн өрөөг бий болгосон, гэр цэцэрлэгийг тогтмол ажиллуулсан, цахим зайн сургалтыг амжилттай явуулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш эрх, бололцоотойгоор хамруулсан зэрэг туршлагуудыг нэрлэж болох юм.  

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, хүнс тэжээл зэрэг ахуйн болон амьдралын эрүүл аюулгүй өсч өндийж, хөгжихөд шаардлагатай орчныг бүрдүүлэх, боловсролд тэгш хамрагдах, чанартай боловсрол авах, хүүхдэд ээлтэй засаглалыг бий болгоход анхаарах юм. Энэ бүхэнд НҮБ-ын Хүүхдийн сангаас арга зүйн болон техникийн бүхий л талын дэмжлэгийг үзүүлж, санхүүгийн тодорхой эх үүсвэрээр хангах аж. Энд хамгийн чухал нь тухайн орон нутаг өөрсдийн санаачилгаар хүүхдэд ээлтэй орчныг бий болгоход санаачилгатай хандаж ажиллахыг чухлыг талууд онцоллоо.

2002 онд болсон Дэлхийн дээд хэмжээний чуулганаас НҮБ-аас батлан гаргасан Хүүхдийн эрхийн тухай конвенцын үндсэн зорилт, агуулга, зарчмыг гишүүн орнуудад хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх, хүүхэд бүрт хүртээмжтэй байдлаар амьдралд нэвтрүүлэхийн чухлыг онцолж шийдвэр гаргасан байдаг. Энэ хүрээнд дэлхий дахинд хүүхдэд ээлтэй орон нутгийг бий болгоход анхааран ажиллаж байна.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн албан ёсны цахим хуудас

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.