Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумаар хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хэлэлцэнэ

2017-11-10 20:08:00

Үндэсний Хөгжлийн газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Тогтвортой хөгжил Нийгмийн  хариуцлагын зөвлөл хамтран Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумыг энэ сарын 16-нд Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн форумаар Монголын эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлтийн асуудалд төвлөрч ярилцах бөгөөд төлөөлөгчид “Зохистой хөдөлмөр эрхлэлт үү, хөдөлмөр эрхлэлтгүй өсөлт үү” гэдэг үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Түүнчлэн тус форумаар “Монголын эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт ба дэлхийн Тогтвортой Хөгжлийн зорилт 8-ын үүрэг” үндсэн сэдвээс гадна “Аж үйлдвэржилтийн өөрчлөлтийн эдийн засгийн өсөлтөд гүйцэтгэх үүрэг”, “Хөдөлмөр эрхлэлт байх уу, Монголын хөдөлмөр эрхлэлтийн ирээдүй”, “Орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангах амжилтын хүчин зүйлс ба гол бүрэлдэхүүн” зэрэг сэдвээр салбар хуралдаанууд болно.  

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд, Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дундаж орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно хэмээн тусгасан байдаг. Тодруулбал манай улс  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр  2030 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам. долларт хүрч, дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ гэсэн тооцооллыг гаргасан. Харин эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байх зорилтыг дэвшүүлжээ.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.