Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран нөөцийн цогц менежмент хийх арга зүйн сургалтыг зохион байгууллаа

2018-05-30 10:43:00

Нөөцийн цогц менежмент буюу Хотын Нэксус сургалт болон сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 8-11 өдрүүдэд ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газартай (ҮХГ) хамтран зохион байгууллаа.

Сургалтыг ХБНГУ-ын Denkmodell GmbH байгууллагын  хоёр сургагч багш хөтлөн явуулсан бөгөөд cургалтын эхний хоёр өдөр олон улсын зорилтуудад суурилагдсан нөөцийн цогц менежментийн модульчилсан интерактив сургалт хийсэн бол сүүлийн хоёр өдөр  сургагч багш нарыг бэлтгэх сургалт хийж цаашид нөөцийн цогц менежментийн хандлагыг бие даан зааж сургах мэдлэг чадвар олгосон.

Нөөцийн цогц менежментийн сургалтанд салбарын яам, агентлаг, нийслэлийн харьяа байгууллага, олон улсын байгууллага болон мэргэжлийн холбоод зэрэг байгууллагын 40 орчим төлөөлөл оролцсон. Түүнчлэн сургагч багш нарын сургалтанд 16 хүн хамрагдав. 

Энэ сургалт нь GIZ-ийн Хотын Нэксус төсөл, ҮХГ-ын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж хоёр талын хамтын ажиллагааг улам идэвхжүүлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн болон байгаль орчны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлнэ.  

ҮХГ-ын дарга Б.Баярсайхан болон ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Др. Гласс нарын cеминарыг нээж хэлсэн үгэндээ ҮХГ болон GIZ хамтын ажиллагааны ач холбогдлыг өндөрөөр үнэлсэн. Энэ нь уламжлалт хамтын ажиллагаанд суурилсан төдийгүй Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDG), уур амьгалын өөрчлөлтөнд оруулах хувь нэмрийг (NDC) нөөцийн цогц менежментийн аргачлалтай хослуулах нь чухал болохыг тэмдэглэсэн.     

Нөөцийн цогц менежментийн сургалтаар ус, эрчим хүч, хүнсний нөөцийн цогц менежмент, эдгээр нөөцийн хоорондын хамаарал, хангамжийн найдвартай байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн 2030 зорилтонд хэрхэн нөлөөлөх, түүнчлэн циркуляр эдийн засгийн загварын ач холбогдлыг танилцуулсан. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт, одоогийн нөхцөл байдал, хэрэгжилтийн талаар ҮХГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэн танилцуулсан.        

Сургалтаар тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийх зорилгоор Улаанбаатар хотод буй 5-6 тулгамдсан асуудал, тухайлбал ундны усны нөөцийн хомсдол, бохир ус, ариун цэврийн байгууламж, агаарын бохирдол, эрчим хүчний хангамж, хүчин чадлын дутагдал, хот байгуулалт,  төлөвлөлт, гэр хороололын зэрэг асуудлыг сонгож авсан. Улмаар эдгээр асуудалд үндэслэн оролцогчдыг багуудад хувааж хүн бүрийн оролцоог ханган эхний хоёр өдөр асуудал тус бүрийг задлан шинжилсэн. Ингэхийн тулд тэднийг дүн шинжилгээний арга зүй, аргачлалаар хангаж тухайн хот суурин газрын тулгамдсан асуудлыг авч үзэхдээ босоо болон хэвтээ институци, салбар дундын хамтын ажиллагааг чухалчилсан. 

Түүнчлэн оролцогчид тухайн асуудалд хамаарал бүхий оролцогч талуудыг хэрхэн тодруулж засаглал, салбар дундын хамтын ажиллагаа, техникийн хүчин зүйлсийн харилцан хамаарлаас гарах ашиг тусыг хэрхэн нэмэгдүүлэх (synergy), институцийн гүйцэтгэлийн чадамж, үйлчилгээний чанарыг сайжруулах, улмаар циркуляр эдийн засгийн суурин дээр нөөцийн үр ашгийг хэрхэн нэмэгдүүлж болохыг сурсан. Цаашилбал, оролцогчид зохицуулалт муутай хөрөнгө оруулалт, ашиглалт багатай дэд бүтцээс зайлсхийхэд цогц төлөвлөлтийн ашиг тус болон дэлхийн тулгамдсан асуудалд хотуудын гүйцэтгэх үүрэг ролийн талаар цэгцтэй ойлголт авсан.  

Сүүлийн хоёр өдрийн сургалтаар оролцогчид сайн сургагч багш болоход юу шаардлагатай талаар сурч мэдсэн. Тухайлбал сургалт зохион байгуулах арга техникийн талаар мэдлэгтэй болж багийн хэлэлцүүлгийн амжилттай хөтлөх үйл хөдлөл, идэвхтэй сонсох зэрэг ур чадвар суулгах дасгал хийсэн. Тэд мөн дүрсжүүлэх арга техник, багшид тулгарах хүндрэлтэй байдлаас хэрхэн гарах талаар заавар, зөвлөгөө авсан.  

Сургалт нь зөвхөн нэг удаагийнх бус харин цаашид сургагч багш нараар дамжуулан  нөөцийн цогц менежментийн сургалтыг дэлгэрүүлэх эхлэлийг тавих зорилготой юм.

Оролцогчид сургалтын талаар сайн үнэлгээ өгч олж авсан мэдлэг ур чадвар нь тэдний өдөр тутмын ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг илэрхийлсэн.

 

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.