“Монгол Улсын сайн дурын илтгэлийн чиглэл, хүрээг тодорхойлох үндэсний хэлэлцүүлэг” зохион байгууллагдлаа

2018-10-29 10:40:00

2015 онд 17 Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) бүхий даян Дэлхийн Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг сайн дурын үндсэн дээр НҮБ-ын гишүүн улс орнууд жил болгон зохион байгуулагддаг Улс төрийн өндөр төвшний чуулга уулзалтаар тайлагнадаг. Монгол Улсын хувьд 2019 оны уулзалтаар тогтвортой хөгжлийн 17 зорилгын хэрэгжилтээр боловсруулсан Үндэсний сайн дурын тайлангаа танилцуулах 51 орны жагсаалтад багтан орсон билээ.

Yндэсний хөгжлийн газар нь Үндэсний сайн дурын тайланг бэлтгэх ажлыг зохион байгуулах хүрээнд “МОНГОЛ УЛСЫН САЙН ДУРЫН ИЛТГЭЛИЙН ЧИГЛЭЛ, ХҮРЭЭГ ТОДОРХОЙЛОХ ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд амжилттай зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт төрийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд оролцогчдод Үндэсний Хөгжлийн Газраас танилцуулсан бодлогын уялдааг хангах аргачлалыг ашиглан ТХЗ-уудад дүн шинжилгээ хийж, санал бодлоо солилцов.

 Хэлэлцүүлгийн нээлтийн үеэр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан хэлэхдээ:

“Монгол Улсын хувьд ДТХЗ-ыг хэрэгжүүлэхэд цаашид юу хийгдэх шаардлагатай, юунд түлхүү анхаарах хэрэгтэй байгаа талаар асуудлаа тусгасан Үндэсний сайн дурын илтгэлийг бэлтгэн 2019 оны 7 дугаар сард Нью Ёорк хотноо болох Улс төрийн өндөр түвшний уулзалтад танилцуулах 42 улсын жагсаалтад Монгол Улс багтан орсон. Монгол улсын хувьд 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг үнэлж, дүгнэх чухал боломж юм.

Энэхүү сайн дурын тайлан бэлтгэх явцад “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх”, “Асуудлыг тоо мэдээ, мэдээлэлд үндэслэн боловсруулах” зэрэг зарчмуудыг баримтлах бөгөөд эдгээр зарчимуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон талын оролцоог хангах шаардлагатай юм. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлгийг тус тайлангийн үндсэн чиглэл, хүрээг тодорхойлох зорилгоор үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Та бүгдийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцүүлгийн ажилд амжилт хүсэж, цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.”

НҮБ- ийн Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин Төлөөлөгч Алекс Хайкенс:

“Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг өөрийн Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-г тусгасан эхний улс орнуудын нэг болсноороо сүүлийн 2 жилд маш олон зүйл хийсэн. Гэвч 2030 он гэхэд ТХЗ-уудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд үүнээс ч илүү их ажил хийх хэрэгтэй байна. Монгол улсын хувьд бодлогын уялдаа холбоог сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах чадахуйц шийдвэр гаргах хамгийн дээд төвшний эрх бүхий байгууллагыг тодорхойлох, ТХЗ болон Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын  тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд зориулсан санхүүжилтийг хангалттай тусгах болон түүний хэрэгжилтийг дүгнэх, тайлагнах хяналт, үнэлгээний тогтолцоотой болох зэрэг нь чухал байна. Мөн энэхүү ҮСДТ-г боловсруулах явцыг нэг удаагийн ажил гэж ойлголгүйгээр цаашдаа ТХЗ-уудын хэрэгжилтийг хянах, дүгнэх байнгын үйл явцын салшгүй нэг хэсэг гэж ойлгож ажиллахыг хүсэж байна.”  гэж хэлжээ.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.