Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан БНХАУ-ын Үндэсний Хөгжил, шинэчлэлийн хорооны Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн удирдлагуудтай уулзалт хийлээ


3 сарын өмнө


Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны Олон улсын хамтын ажиллагааны агентлагтай холбоо тогтоон хамтын ажиллагааг эхлүүлэх, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой төслүүд, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг судлах зорилгоор Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Бээжин хотод албан ёсны айлчлал хийлээ.

Хоёр талын уулзалтад БНХАУ-ын талаас Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хорооны Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн ерөнхий захирал Хуанг Ёонг, дэд захирал Сонг Гонгмэй, Ерөнхий захирлын орлогч, Үйлдвэрлэлийн багтаамж, төлөвлөлтийн газрын дарга Гоу Жианмин нар, Монгол улсын талаас уулзалтыг ахлан ҮХГ-н дарга Б.Баярсайхан, Монгол улсаас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Б.Эрдэнэсанаа, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дарга Т.Жанабазар, ҮХГ-ын Судалгаа, шинжилгээний газрын дарга А.Мөнхболд, Монгол улсын хөгжлийн банкны дэргэдэх “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Цэрэндаш, ЭСЯ-ны зөвлөх А.Батзул, ажилтан, атташе Б.Батмагнай нар оролцов. 

zqmvecDMS2Te41Y.jpg
5SKXASZiKzvQ0u8.jpg

Уулзалтын эхэнд БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байгааг БНХАУ-ын талаас онцлов. Мөн энэхүү ойн хүрээнд 70 бүтээлч ажил хэрэгжүүлэх санаачилгыг өрнүүлж байгаа тухай Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг онцлон тэмдэглэв.

Монгол улсын талаас Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Хуанг Ёонгд Монгол улсад айлчлах урилгыг гардуулан өгч, тус агентлагийн суурин төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо байгуулах, хоёр агентлагийн хамтын ажиллагаа болон “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн ТЭЗҮ судалгааг хамтран боловсруулах талаар санал солилцов.

2019 оны 4 дүгээр сарын сүүлээр “Бүс ба Зам” санаачилгын дэлхийн хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байгаа талаар мэдээлэл хийж, уг арга хэмжээгээр тус санаачилгын талаар дэлхийн улс орнууд болон хөрш орнуудын санал шүүмжлэлийг авах зорилготой байгааг мэдэгдлээ. Мөн тус санаачилгын хүрээнд хоёр тал Европ-Азийн хамтын ажиллагаа, түүний дотор хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах нь чухал байгааг онцлов.

WEWtQYIeybRXpwD.jpg

 Хоёр орны худалдаа 2018 оны эхний 10 сарын байдлаар 6,6 тэрбум ам.долларт хүрсэн нь 2015 онд Монгол улсад хийсэн айлчлалын үеэр Шин Жин Пин даргын 2020 он гэхэд хоёр орны худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх санаачилга биелэхэд ойрхон байгааг тэмдэглэж, Монгол улсаас БНХАУ-д нийлүүлж байгаа нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх /жилд 50 сая тоннд хүргэх/ асуудлаар харилцан санал солилцов.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Яармагийн гүүр, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Боомтуудын дэд бүтэц, Спортын ордон, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн төсөл зэрэг олон арга хэмжээ амжилттай хэрэгжиж байгааг онцлов.

“Эдийн засгийн коридор”-ын хүрээнд өмнө төлөвлөгдсөн чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркуудын ТЭЗҮ-ийн нарийвчлан судлан харилцан уялдаатай хөгжүүлэх боломжийг хамтран судлах, “Эдийн засгийн коридор”-ын ТЭЗҮ боловсруулахад хоёр орны их дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчлав.

Цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, уулзалтыг тогтмолжуулах, улмаар байнгын хамтын ажиллагааны механизм бүрдүүлэх талаар хөндөж Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газар байгуулахыг дэмжиж, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ механизмыг бүрдүүлэхэд хоёр байгууллагын Хамтран ажиллах санамж бичиг чухал гэдгийг онцлоод ойрын хугацаанд хоёр талаас зохих байгууллагуудаас санал авч гарын үсэг зурах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.