Гадаадын хөрөнгө оруулагчдад нэг цэгээс үйлчилгээ үзүүлж эхэллээ


6 сарын өмнө


2019 оны 2 дугаар сарын 25-ны 12:00 цагаас “Invest in Mongolia center“ нэг цэгийн үйлчилгээний төвийг нээлээ. Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгаж, хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг арилгаж, илүү таатай орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг УБЕГ, ТЕГ, ГИХГ, НД болон бусад салбарын яам, агентлагуудын төрийн үйлчилгээг танхимын болон цахим нэг цонхоор үзүүлэх үндсэн зорилгоор “Invest in Mongolia center“ нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулан ажиллуулж эхэллээ.

1rn1NjHb6oNGRlT.jpg

 

Нээлтийн арга хэмжээг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел нээж үг хэлсэн бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт” илтгэл мэдээлэл хийлээ. Мөн олон улсын байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ууд, бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

Нэг цэгийн үйлчилгээний төвөөс дараах төрийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж байна. Үүнд:

  • Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчны зөвлөгөө, мэдээлэл;

  • Хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус дэмжлэг, баталгааны зөвлөгөө, мэдээлэл;

  • Төрийн үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулагчдад тулгарсан гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх цахим системийг ажиллуулах;

  • Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэл, оноосон нэрийн баталгаажуулалт, нэмэлт, өөрчлөлт, лавлагаа, тодорхойлолт, хөрөнгө оруулагчийн карт, бусад түүнтэй холбоотой дагалдах үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл;

  • Татварын зөвлөгөө мэдээлэл, татвар төлөгчийн бүртгэл, тоон гарын үсэг олгох, лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх, тайлан хүлээж авах, гадаад хөрөнгө оруулалттай компаниуд, хөрөнгө оруулагчдын авто тээврийн хэрэгслийн татвар хураах;

  • Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгалт хийх, түүнтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл;

  • Нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээж авах, лавлагаа, тодорхойлолт гаргах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг болно.

WTGxMaGUOpudMYQ.JPG

“Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулсанаар хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай хүргэж, цаг хугацааг хэмнэж, цаашилбал, хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, итгэлийг сэргээн шинэ болон дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг бүрдүүлж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн цогц хэлбэрээр хүргэснээр Монгол Улсад бизнес эрхлэх орчин нөхцөл нэг алхамаар сайжирлаа хэмээн үзэж байна.

Мөн хөрөнгө оруулалт хийхээс өмнөх болон дараах үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай, ил тод нээлттэйгээр үзүүлэх нөхцөл бүрдэж, Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үйлчилгээ сайжирна гэж үзэж байна.

dYmYKnspqEqsErc.JPG

            Нээлтийн арга хэмжээний үеэр Үндэсний хөгжлийн газар – Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпораци хоорондын Хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ; Үндэсний хөгжлийн газар – Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

  •  ҮХГ, Дэлхийн банк группын ОУСК-тай хийсэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хамтран хэрэгжүүлж буй Хөрөнгө оруулалтын бодлого, ХАА-н салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн зураглал судалгааны тайланг боловсруулж, 2018 онд хэвлэн гаргасан билээ.
8xC0jY4eEdSp2E1.JPG

Үндэсний хөгжлийн газар нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан “Гомдлыг барагдуулах цахим систем”-ийг төсөлтэй хамтран хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байна.

  • Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь Хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлж оффис, тавилгын асуудлыг шийдвэрлэсэн.

Хоёр тал цаашид хамтран ажиллаж Нэг цэгийн төвийн үйл ажиллагааг хөгжүүлж, тогтвортой явуулахад хамтран ажиллах, үүнтэй холбоотой олон улсын зөвлөх ажиллуулах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байна.

Холбоо барих: 99282728

j3RMmHWOvfeWABi.JPG
tUOVk2owmdNogNO.JPG