Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого боловсруулахад Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлтэй хамтран ажиллахаар боллоо


7 сарын өмнө


“Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог 70-аас доошгүй хувь байвал зохистой гэх зөвлөгөө гарсан байдаг. Монгол Улсын хувьд хувийн хэвшлийн оролцоо илүү байх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин, 30 гаруй жил явсан боловч төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрийг өнөөг хүртэл олж чадаагүй юм. Энэ нь өнөөгийн эдийн засаг, нийгэмд тулгамдаж байгаа сөрөг үр дагаврууд болон шударга бус байдлын үндэс болсон гэж бид үздэг. Иймд энэхүү дутагдлыг арилгах зорилгоор Засгийн газар 2018 онд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” батлан, тус бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний хөгжлийн газар “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, багц хуулийн төсөл”-ийг боловсруулахаар ажиллаж байна.

j6apoypjRibAniK.JPG

“Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, багц хуулийн төсөл” нь “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого”-ын төсөл, “Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль”, “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого” гэсэн 3 төрлийн хөгжлийн бодлогоос бүрдэх бөгөөд 2019 оны 9-р сард Засгийн газарт өргөн барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

fBYHwlyKYPwUsT9.JPG

Үндэсний хөгжлийн газар болон Компанийн засаглалын үндэсний зөвлөл хоорондын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан уг санамж бичиг нь “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого”-ыг хамтран боловсруулахад чиглэгдэж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар болно. Үүнд:

o        Том, дунд, жижиг төрийн болон хувийн хэвшлийн нийт 50 аж ахуйн нэгжийг үйл ажиллагааны салбар тус бүрээс сонгон авч компанийн нийгмийн хариуцлага болон засаглалын үнэлгээг хамтран хийх, тайлан гаргах;  

o        Компанийн засаглал, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, ил тод байдал, тайлагнах тогтолцоог бий болгох чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулах, эрх зүйн орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах;

o        “Компанийн нийгмийн хариуцлага” сэдвийн хүрээнд “Сайн засаглал” сэтгүүлийн 2019 оны дугаарыг хамтран гаргах;

o        Хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, төрийн өмчит компаниуд, олон нийтэд компанийн засаглал, нийгмийн хариуцлагын талаарх ойлголтыг бий болгоход чиглэсэн сургалт, арга хэмжээг зохион байгуулах, хэвлэл мэдээллээр сурталчлахад хамтран ажиллах;

o        Компанийн нийгмийн хариуцлагын  сургалтын модуль боловсруулах;

o        Олон улсын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлдэг “комплаенс” удирдлагын тогтолцоог бий болгох чиглэлээр хамтран судалгаа хийх;

o        Төрийн болон хувийн өмчийн хамтарсан аж ахуйн нэгжүүдэд сургалт, зөвлөгөө тогтмол өгөх тогтолцоог бий болгох чиглэлээр хамтран ажиллах;

o        Талууд тус чиглэлээр хийгдсэн судалгаа, мэдээллийг солилцох, ашиглах;

o        Компанийн засаглал, нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх чиглэлээр Олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;

o        Компанийн нийгмийн хариуцлагын ил тод байдлын талаарх тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх, дүгнэх, сурталчлах, мэдээлэх, мөн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, олон нийтэд мэдээлэл хүргэх чиглэлээр хамтран ажиллах;

o        Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн санд бүртгэлтэй үйлдвэрүүдээс сонгон авч Компанийн засаглалын үнэлгээ хийх;

o        Сургалт, зөвлөгөөг Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сангаар дамжуулан олон нийтэд хүргэх тал дээр хамтарч ажиллахаар боллоо.

5WTZBcGtS9yVQAH.JPG