Монгол Улсын зүгээс санал болгох “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийн загвар хэлэлцээр батлагдлаа


2 сарын өмнө


Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалт хүлээн авагч улсын тэнцвэртэй харилцааг зохицуулсан олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн асуудлыг дэлхий нийтээр чухалчлан үзэж 2012 оноос хойш хөгжингүй болон хөгжиж буй нийт 150 гаруй улс тогтвортой хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын  загвар хэлэлцээрээ боловсруулж байгаа юм.[1] Монгол Улсын хувьд ч энэ чиг хандлагыг баримталж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийн Монгол Улсын зүгээс санал болгох загвар хэлэлцээртэй болох гэсэн зорилтыг тусгасан байдаг.

Дээрх зорилтын хүрээнд Гадаад харилцааны яам болон Үндэсний хөгжлийн газар хамтран Монгол Улсын зүгээс санал болгох загвар хэлэлцээрийг 2019 оны 3 сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

Түүнчлэн Гадаад харилцааны сайдын 2017 оны  А/12 тоот тушаалаар холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан загвар хэлэлцээр боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан.

Загвар хэлэлцээрийг боловсруулахад НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал/UNCTAD/, Тогтвортой хөгжлийн олон улсын хүрээлэн зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын  эрх зүй, тогтвортой хөгжлийн асуудлаар мэргэшсэн байгууллагуудтай Гадаад харилцааны яам болон Үндэсний хөгжлийн газрын зүгээс идэвхитэй хамтран ажилласан бөгөөд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл, баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг холбогдох хууль эрхзүй, бодлогын баримт бичгүүдтэй нийцүүлэн боловсруулахад анхаарсан юм.

 


[1]  Дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан-2018