Үндсэн үйл ажиллагаа


5 жилийн өмнө


ТАНИЛЦУУЛГА

Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын Их хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах” тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан. Хэдийгээр Үндэсний хөгжлийн газар нь шинээр байгуулагдсан боловч түүхэн замналын хувьд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 106 дугаар тогтоолоор 1945 онд үүсгэн байгуулагдсан Улсын төлөвлөгөөний комиссоос эхэлж, 1993 онд байгуулагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын газар, мөн 2009 онд байгуулагдсан Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороогоор үргэлжилсэн байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО: 

Агентлагийн эрхэм зорилго нь эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, хөгжлийн бодлогыг хүн амын нутагшилт, суурьшил, бүсчилсэн хөгжлийн болон орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хөрөнгө оруулалтын нэгдсэн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг зохистой төлөвлөж улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:

Агентлаг нь дээрх эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

  • Улсын хөгжлийн цогц бодлого, урт, дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах;
  • Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах, салбар хоорондын харилцан ажиллагааг зохицуулах;
  • Хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлого хэрэгжүүлэх;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийгдэх судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах;
  • Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
  • Үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналт шалгалтын санал дүгнэлтээр дэмжлэг үзүүлэх.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛГО:

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

  1. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн үндэсний хэмжээний урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах; улсын хөгжлийн цогц бодлогын чиглэлээр судалгаа шинжилгээ, тооцоолол хийх, төсөөлөл, загварчлал, зураглал боловсруулах ажлыг зохион байгуулах, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн талаар санал, дүгнэлт боловсруулах; хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтлөх; хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр өндөр чадавх бүхий нарийн мэргэшсэн мэргэжилтнийг бэлтгэх тогтолцоо бүрдүүлэх; хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхийг бэхжүүлэхэд холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэх.
  2. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, холбогдох судалгаа, шинжилгээнд үндэслэн бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах, бүс, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилго, зорилт, шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх үе шатыг тодорхойлох; эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоон хөгжүүлэх, салбар хоорондын тэнцвэрийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаа, бодлогыг уялдуулан зохицуулах; улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж, нийгмийн ач холбогдол зэргийг тооцож, улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл болон төрөөс олон нийтэд үзүүлэх үйлчилгээний стандарт, орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэхийг судлан нягтлах.
  3. Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, арга хэмжээний талаар санал боловсруулах; хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтийг хүлээн авах, хянах, хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх, хуулийн шаардлага хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд Тогтворжуулах гэрчилгээ олгох, хяналт тавих, хөрөнгө оруулалт хийх зөвшөөрлийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээдэд олгох; холбогдох төрийн захиргааны байгууллагаас хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг хагас, бүтэн жилээр гаргуулж, хөрөнгө оруулалтын статистик мэдээллийг гаргах; хөрөнгө оруулалтын чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон болон байгуулсан олон улсын гэрээ, тэдгээрийн хэрэгжилтийн талаар судалгаа хийх санал боловсруулах; хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах цогц үйл ажиллагаа үзүүлэх, хөрөнгө оруулагчдад төрийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх; концессын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх бодлогын хувилбар боловсруулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлэх; Концессын зүйлийн жагсаалтын талаарх санал боловсруулах, концессын гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавих, улсын хэмжээнд концессын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, концессын асуудлаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх.
  4. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх ажлыг зохион байгуулах; улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авч үнэлэх, сонгон шалгаруулах, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа хийх ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх; төсөл, арга хэмжээний тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дарааллыг тогтоох, хянан баталгаажуулах, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах, түүнийг жил бүр тодотгох; стратегийн ач холбогдолтой, эдийн засгийн үр ашиг бүхий хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн  судалгаа шинжилгээ, тооцоолол, технологийн шийдлийг олон улсын стандартын түвшинд боловсруулж, үнэлэх ажлыг зохион байгуулах; эдийн засаг, нийгмийн хөгжлийг урт хугацаанд хангахад чиглэсэн дэд бүтэц хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж, нийгмийн ач холбогдлыг тодорхойлох.
  5. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, газрын үйл ажиллагааг нэгтгэн төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, захиргааны нийтлэг үйлчилгээ, санхүү, аж ахуйн асуудлыг зохицуулах; эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах асуудлаар хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангуулах; байгууллагын гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх; байгууллагын бодлого, үйл ажиллагааны талаарх сурталчилгаа, олон нийтийн харилцааг зохицуулах.
  6. Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгавар, болон холбогдох бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тайлагнах, санал дүгнэлт боловсруулах; байгууллагын төсвийн гүйцэтгэлд дотоод аудит, хяналт шалгалт хийх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дүгнэлт, зөвлөмж өгөх.

 




ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ


  

цахим жиргээ