ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


3 долоо хонгийн өмнө


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ)” баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны эхэнд Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад элссэний 60 жилийн ой энэ жил тохиож, түүхэн ач холбогдолтой ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлснийг тэмдэглэж, Монгол Улсын вакцины нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн улс орнууд болон НҮБ-ын харьяа байгууллагуудад талархал илэрхийллээ.

6sewv6KCs8klnsv.jpg

Хуралдааныг Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал чиглүүлж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийг танилцуулсан бол, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ)” баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг танилцуулсан.

MlEU2qc4M8J3DNY.jpg

“НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ)” баримт бичиг нь НҮБ-ын зүгээс тухайн улс оронд оруулах хувь нэмрийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх гадаад, дотоод эх үүсвэр бүхий НҮБ-ын санхүүжилтийн бүтцийг тодорхойлдог. НҮБ-аас 2021 оны 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд олон талын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээр Тогтвортой хөгжлийн цогц шинжилгээгээр тодорхойлсон хөгжлийн сорилтуудыг эрэмбэлж, 2027 он хүртэл стратегийн 3 үндсэн тэргүүлэх чиглэл болох ногоон, тэгш хамруулсан, тогтвортой өсөлт, хүнийн хөгжил болон эрүүл мэнд, хүн төвтэй, хууль дээдэлсэн, хүний эрхийг хангасан засаглалыг байгуулах нь тэргүүний зорилт гэдгийг тэмдэглэж, Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх үйл явцыг хурдасгах хөгжлийн 4 үндсэн хүрэх үр дүнг тодорхойлсон байна.

8fmnceNfGJm1fCF.jpg

Мөн Ерөнхий сайдын зүгээс Монгол Улс дахь НҮБ-ын удирдлагын баг 2023-2027 онд манай улстай хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ)” баримт бичгийг боловсруулах ажлыг эхлүүлж байгаа нь Монгол Улс болон НҮБ-ын түншлэлийн шинэ хуудсын эхлэл болж байгааг онцолж, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Монгол Улсын Засгийн газраас манлайлан ажиллах тодорхой салбаруудад хэрэгжүүлэх үйл ажиллагааг дурдсан бөгөөд ялангуяа иргэн бүр эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагддаг тогтолцоонд шилжих ажилд НҮБ-ыг дэмжлэг үзүүлж, Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ)” баримт бичигт тусгахыг хүслээ.

Ийнхүү, хуралдаанаар Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг хэлэлцэн дэмжлээ.