Үндсэн үйл ажиллагаа


8 жилийн өмнө


ТАНИЛЦУУЛГА

Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын Их хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах” тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан. Хэдийгээр Үндэсний хөгжлийн газар нь шинээр байгуулагдсан боловч түүхэн замналын хувьд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 106 дугаар тогтоолоор 1945 онд үүсгэн байгуулагдсан Улсын төлөвлөгөөний комиссоос эхэлж, 1993 онд байгуулагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын газар, мөн 2009 онд байгуулагдсан Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороогоор үргэлжилсэн байна.

 

Нэг.Эрхэм зорилго

Үйл ажиллагааны эрхэм зорилго нь шинжлэх ухаанд үндэслэсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, нэгдсэн арга зүй, удирдлага зохион байгуулалтаар хангаж, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг зохистой төлөвлөж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэхэд оршино.

Хоёр. Үйл ажиллагааны стратегийн зорилт

1. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг салбар хоорондын уялдааг ханган боловсруулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах; 

2. Бүс, орон нутаг, салбарын хөгжил, байршлын нэгдсэн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог зохицуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, бүсийн Үндэсний хорооны ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх;

3. Хөрөнгө оруулалтын хоёр талт, олон талт хэлэлцээр, Олон улсын гэрээ, конвенцууд болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, дэмжих, сурталчлах замаар хөрөнгө оруулалтыг татах, хадгалж үлдэх; 

4. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийгдэх судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хөтөлбөрийн тодотголыг боловсруулах;

5. Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын түвшинд санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит хийн, газрын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх; 

6. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг бий болгож, газрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах.

 

Гурав.Зохион байгуулалтын бүтэц

3.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, судалгаа шинжилгээ хариуцсан дэд даргын үндсэн чиг үүрэг

Энэхүү албан тушаалтан нь үйл ажиллагааны стратегийн 1,2,4 дүгээр зорилтуудын хүрээнд тэдгээр зорилтуудыг хангахад чиглэсэн нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, тухайн зорилтуудын хэрэгжилтийг хангаж байгаа нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, газрын даргыг мэргэжлийн мэдээ, мэдээллээр тогтмол хангах үндсэн үүргийг хүлээжүйл ажиллагааныхаа үр дүнг Газрын даргын өмнө хариуцна.

3.2. Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан дэд даргын үндсэн чиг үүрэг 

Энэхүү албан тушаалтан нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд тус зорилтыг хангахад чиглэсэн нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, стратегийн зорилтын хэрэгжилтийг хангаж байгаа холбогдох нэгж, албаны үйл ажиллагаанд хяналт тавих, газрын даргыг мэргэжлийн мэдээ, мэдээллээр тогтмол хангах үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг Газрын даргын өмнө хариуцна.

3.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэхүү нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хуульд заасан шаардлагын дагуу салбар хоорондын уялдааг ханган боловсруулах, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбар, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн талаар баримтлах чиглэлийг тодорхойлж, нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг газрын дарга болон эрхэлсэн Сайдын өмнө хариуцна.

3.4.Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэхүү нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангах, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөртэй уялдуулан аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг Газрын даргын өмнө хариуцна.

3.5.Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг 

Энэхүү нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангаж, Хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг Газрын даргын өмнө хариуцна. 

3.6.Судалгаа, шинжилгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үндсэн чиг үүрэг

Энэхүү нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд улсын хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн арга зүйг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан болон нэмж тусгах төсөл, хөтөлбөрийн бодлогын судалгаа, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг Газрын даргын өмнө хариуцна.

3.7.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг 

Энэхүү нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, байгууллагын түвшинд санхүү аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, газрын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг Газрын даргын өмнө хариуцна. 

3.8.Төрийн захиргаа, удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэхүү нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд төрийн байгууллагын хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн үүргийг хүлээж үйл ажиллагааныхаа үр дүнг Газрын даргын өмнө хариуцна.

 

----оооОооо----

 

 




ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ


  

цахим жиргээ