Асуулт хариулт


  • 1.Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, олон улсын гэрээ, конвенци

    Монгол Улс хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүйгээр адил тэгш байх зарчмыг баримталж, “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийг Монгол Улсын Их Хурлаас батлан 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс даган мөрдөж байна. Тус хуулиар Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдад нийтлэг эрх зүйн баталгаа олгох, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах, албадан хураахгүй байх, ялгаварлахгүй байх, дэмжих, татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ, бүртгэлийг хөнгөвчлөх зохицуулалтыг тусгаж өгсөн.

    Монгол улс Гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр”, 24 улстай “Худалдаа эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрийг тус тус байгуулаад байна.

    Эдгээр гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулж, конвенцид нэгдэн орсноор Монгол Улс олон улсын өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалахад чиглэсэн тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байгаа хэрэг юм.

  • 2.Хөрөнгө оруулалт гэж?

    Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг.

  • 3.Гадаадын хөрөнгө оруулагч гэж?

    Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг.

  • 4.Дотоодын хөрөнгө оруулагч гэж?

    Хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг.

  • 5.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж?

    Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг.

  • 6.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар гэж?

    Итгэмжлэлийн үндсэн дээр төлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилготойгоор гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад байгуулсан хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг. Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар нь бие дааж аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй. 

  • 7.Гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон тодорхой салбар байдаг уу?

    Үгүй. Гэхдээ гадаадын төрийн өмчит хуулийн этгээд нь банк санхүү, уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэх 3 салбарт үйл ажиллагаагаа явуулах аж ахуйн нэгжийн 33 хувь ба түүнээс дээш хувийг эзэмших тохиолдолд тус газарт хүсэлт гарган зөвшөөрөл авах хуулийн зохицуулалттай.

  • 8.Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх тохиолдолд хэрхэх вэ?

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу дараах салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 ба түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд тус газраас зөвшөөрөл авна. Үүнд:

    - уул уурхай;

    - банк, санхүү;

    - хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо.

    Үндэсний хөгжлийн газраас ГТӨХЭ-ийн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл авсаны дараа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгүүлнэ. Уг зөвшөөрлийг авах хүсэлтэд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг http://nda.gov.mn/1050.html вэбсайтаас авна уу.

  • 8.Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх тохиолдолд хэрхэх вэ?

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу дараах салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 ба түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд тус газраас зөвшөөрөл авна. Үүнд:

    - уул уурхай;

    - банк, санхүү;

    - хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо.

    Үндэсний хөгжлийн газраас ГТӨХЭ-ийн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл авсаны дараа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгүүлнэ. Уг зөвшөөрлийг авах хүсэлтэд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг http://nda.gov.mn/1050.html вэбсайтаас авна уу.

  • 9.Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай холбоотой зөвлөгөө, мэдээлэл хаанаас авч болох бэ?

    Та http://investmongolia.com/ болон http://www.theiguides.org/public-docs/guides/mongolia зэрэг цахим хуудаснаас шаардлагатай мэдээллээ авч болно. Мөн Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны албаны утсаар болон өөрийн биеэр хүрэлцэн ирж холбогдох зөвлөгөөг авч болно /утас: 264182, 119 тоот өрөө/.

  • 10.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж /ГХОААН/-ийг хэрхэн байгуулах, бүртгүүлэх вэ? Үе шатын талаар тайлбар өгнө үү ?

    Та доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж болно /ХЭБГазрын утас: 7011-3580, 351125, 1800-1890/.

    Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт /Монгол хэл дээр/:

    Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт /Англи хэл дээр/:

  • 11.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулж улсын бүртгэлийн гэрчилгээгээ авахад шаардагдах хугацааны талаар?

    Та шаардлагатай баримт бичгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүрэн бүтэн бүрдүүлэн өгснөөр ажлын 10 өдрийн дотор хүсэлтээ шийдвэрлүүлнэ.

  • 12.Төрөөс хөрөнгө оруулалтад ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

     Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус дэмжлэгүүдийг үзүүлэн ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах болон Тогтворжуулах гэрчилгээ олгох гэсэн үндсэн 2 дэмжлэг бий. 

  • 13.Хөрөнгө оруулалтын татварын дэмжлэг гэж юу вэ?

    Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно:

    - барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих;

    - нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих;

    - эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих.

  • 14.Хөрөнгө оруулалтын татварын бус дэмжлэг

    Хөрөнгө оруулагчдад татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно. Үүнд:

    - газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцлөөр нэг удаа 4О хүртэл жилээр сунгах;

    - чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;

    - дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;

    - инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд батлан даалт гаргах;

    - Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;

    - хуульд заасан бусад дэмжлэг.

  • 15.Хөрөнгө оруулалтын гэрээ гэж?

    500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна /Цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулна/.

    Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтын гэрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулиар тогтоосон хөрөнгө оруулагчид үзүүлэх эрх зүйн баталгааг олгож, татварын орчныг тогтворжуулах, зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тусгаж болно.

  • 16.Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар хөрөнгө оруулагчид ямар ач холбогдолтой вэ?

    Гэрээ байгуулах үед мөрдөгдөж байгаа татварын орчныг тогтворжуулна. Засгийн газар гэрээний нэг тал болж, тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үүрэг хүлээнэ. 

  • 17.Тогтворжуулах гэрчилгээ гэж?

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг.

  • 18.Тогтворжуулах гэрчилгээг хэнд олгох, мөн ямар ач холбогдолтой талаар?

    Тогтворжуулах гэрчилгээг Монгол Улсын хуулийн этгээдэд олгох ба хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын хэлбэрээс нь хамаарч дараах этгээдэд олгоно. Үүнд:

    - хөрөнгө оруулалтын төслийг нэг хуулийн этгээд дангаар хэрэгжүүлэх бол тогтворжуулах гэрчилгээг тухайн хуулийн этгээдэд;

    - хөрөнгө оруулалтын төслийг харилцан хамаарал бүхий хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хэрэгжүүлэх бол тэдгээрийн толгой компанид

    Тогтворжуулах гэрчилгээгээр доор дурдсан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулна. Үүнд:

    - аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

    - гаалийн албан татвар;

    - нэмэгдсэн өртгийн албан татвар;

    - ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.

    Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн татварыг  5-18 жилийн хугацаанд тогтворжуулна.

    Жич:Тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл ажиллагаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулахгүй.

    Уг гэрчилгээг авах хүсэлтэд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг http://nda.gov.mn/1044.html авна уу.

     

  • 19.Хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулах гэрээний ялгаа юу вэ?

    Хийх хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ ялгаатай. Тогтворжуулах гэрчилгээ авснаар дээр дурдсан 4 төрлийн татварын хувь хэмжээг тодорхой хугацаанд тогтворжуулах бол Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар татварын орчинг тогтворжуулдаг.