6 жилийн өмнө
Нэгдсэн Үндэсний байгууллагын 2015 оны 9 дүгээр сард болсон Ерөнхий Ассамблейн чуулганаас 17 зорилго, 169 зорилт бүхий “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт”-ыг баталсан. Дээрх зорилтуудтай уялдуулан Монгол Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр баталсан.
Монгол Улсын Засгийн газраас эхний үе шатны зорилтыг илүү нарийвчлан тодорхойлох, хэрэгжүүлэх үүднээс 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан нь нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, 2020 он хүртэл эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх арга зам, стратегийг тодорхойлсон.
Уг бодлогын 5.2.6-д “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, багц хуулийн төсөл”-ийг боловсруулж батлуулах тухай зорилт туссан. Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2019 оны 03 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар “Үндэсний үйлдвэрлэл, Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд иргэд олон нийтийн санал авах зорилгоор “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг зохион байгуулж байна.
Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлогын хүрээнд нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжсэн үндэсний томоохон үйлдвэрлэгчдийг төрүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэх зорилгоор “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого”, хоёрдугаарт, томоохон төсөл, тэдгээрийн бүтээн байгуулалтын ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмыг илүү тодорхой, үр ашигтай болгох зорилгоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”, гуравдугаарт, төр-бизнесийн үйл ажиллагааг зааглан, төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, хөгжлийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшилтэй зөвхөн мэргэжлийн холбоодоор дамжуулан харьцаж байх зорилгоор “Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслүүд багтаж байгаа тул дээрх асуудлуудыг Үндэсний чуулганаар хэлэлцүүлж бодлого, хуулийн төслүүдэд хувийн хэвшлийн саналыг тусгах юм.
Үндэсний хөгжлийн газар, Конрад – Аденауэр - Сан хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга урилгаар орж байгаагаас гадна нийт 300 орчим бизнесийн байгууллагуудын удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, судлаач эрдэмтэд оролцож байна.