3 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал Япон Улсын Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, Зөвлөх Кикүма Шигэрү болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Элчин Сайдын Яамны зүгээс Монгол Улсад бизнес эрхэлж буй Япон Улсын хөрөнгө оруулагчдаас ирүүлж буй өргөдөл, гомдол, санал, хүсэлттэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүссэний дагуу Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал холбогдох мэдээллийг өглөө.
Тэрээр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагаа, Үндэсний хөгжлийн газар нь тус зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагийн хүрээнд хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр гүйцэтгэж буй ажлуудын талаар танилцууллаа.
Мөн хөрөнгө оруулагчдын гомдлыг шүүх, арбитрын маргаан болохоос нь өмнө төрийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд тулгарч буй саад бэрхшээлүүдийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, улмаар гомдол, маргаан үүсгэж буй хууль эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, сайжруулах зорилго бүхий хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих систем (SIRM)-ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Элчин Сайдын Яамны зүгээс Япон Улсаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж, гомдол гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоход хувь нэмэр оруулж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.