Монгол Улсын “Үндэсний сайн дурын илтгэл”-ийн нүүр хуудсанд хэвлэх бүтээлийг шалгаруулж авна


6 жилийн өмнө


fy1tkAgpH3gaf7z.jpg

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ МИНИЙ МОНГОЛД, 2030 ОН

Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэл”-ийн нүүр хуудсанд

хэвлэх бүтээлийг шалгаруулж авна 

Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/-ыг 2015 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн чуулга уулзалтаар урд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Улс орнууд ТХЗ-ын хэрэгжилтээ дүгнэх зорилгоор сайн дурын үндсэн дээр “Үндэсний сайн дурын илтгэл”-ийг бэлтгэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар танилцуулдаг. Монгол Улсын Засгийн газар энэ оны 7 дугаар сард “Үндэсний сайн дурын илтгэл”-ээ танилцуулах гэж байна.

Монгол Улсын илтгэл нь “хөгжлөөс хэнийг ч орхихгүй” байх зарчимд үндэслэн 17 зорилгын хэрэгжилтийг үнэлэн, тогтвортой хөгжлийг хангах бодлогын орчныг шинжилж, дүгнэлт, зөвлөмж гаргана. Түүнчлэн,  тогтвортой хөгжлийг цогцлоход тулгарч буй хөгжлийн олон тулгамдсан асуудлууд байгаа бөгөөд эдгээр асуудлыг салбар дундын уялдаа, зохицуулалт, олон талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрхэн шийдвэрлэх талаар өдгөө хөгжлийн нэн тулгамдсан асуудал болсон агаарын бохирдлын жишээн дээр авч үзэж, зөвлөмж гаргана.

Монгол Улсын “Үндэсний сайн дурын илтгэл”-ийн нүүр хуудсанд хэвлэх зураг, дүрс, бүтээлийг шалгаруулж авна. Шалгаруулалтад нас, хүйс, арьс өнгө, яс үндэс, хөгжлийн бэрхшээл болон бусад нөхцөл байдлаас үл хамааран хүн бүр оролцох боломжтой.

Шалгарсан бүтээл энэ оны ТХЗ-ын Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас танилцуулах “Үндэсний сайн дурын илтгэл”-ийн нүүр хуудсанд хэвлэгдэх болно.

Бүтээлийн сэдэв: “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ МИНИЙ МОНГОЛД, 2030 ОН10 ЖИЛИЙН ДАРАА ТАНЫ ХҮСЧ БУЙГААР МОНГОЛ ОРОН, МОНГОЛ ХҮН ЯМАР БАЙХ ВЭ?

Хугацаа: Бүтээлийг 2019 оны 5-р сарын 9-өөс 2019 оны 5-р сарын 24-ны өдрийн 23:00 цаг хүртэл sdgsinmongolia2030@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Тайлан А4 хэмжээтэйгээр хэвлэгдэх тул уг хэмжээнд тохирох бүтээлийг хүлээн авна.

  • Бүтээлийн төрөл, хэлбэрийг чөлөөтэй сонгох боломжтой /гар зураг, фото зураг, график дизайн гэх мэт/.

  • Бүтээлийг зөвхөн sdgsinmongolia2030@gmail.com цахим хаягаар хүлээж авах тул цахим шууданд багтах задгай файл эсвэл Dropbox, Google Drive, OneDrive гэх мэт нийтэд зориулсан үүлэн технологийн холбоосоор хүлээн авна.

  • Файлын холбоос нь .jpg, .png, эсвэл .pdf байх шаардлагатай бөгөөд өндөр нягтшилтай буюу бүтээлийн хэмжээ 1000 pixel-с дээш байна.

Хэрэгжүүлэгч байгууллага: Үндэсний хөгжлийн газар

Холбоо барих: Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар (sdgsinmongolia2030@gmail.com, 51-261575, 51-266314)

teV3KGlE70KaAXV.jpg