4 жилийн өмнө
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-оос зохион байгуулж буй 8 дахь удаагийн “Тогтвортой хөгжлийн Ази, Номхон далайн орнуудын чуулга уулзалт 2021” арга хэмжээ Тайланд Улсын Бангкок хотноо "Ази, Номхон далайн бүс нутаг КОВИД-19 цар тахлын аюулаас тогтвортой, уян хатан сэргэх" сэдвийн дор 2021.03.23-ны өдрөөс 2021.03.26-ны өдрийн хооронд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд төрийн өндөр албан тушаалтнууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний төв, олон улсын байгууллагуудын 1000 гаруй төлөөлөл оролцсон. Оролцогч талууд виртуал платформоор дамжуулан оролцсон ба манай улсыг төлөөлж Үндэсний хөгжлийн газраас дэд дарга Б.Булганчимэг, тус газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Сюзанна нар оролцлоо.
Энэ жилийн чуулга уулзалт дэлхий нийтэд тархсан КОВИД-19 цар тахлын үед тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, цар тахлыг даван туулах, түүний сөрөг нөлөө, үр дагаврыг бууруулахад бодлогын уялдаа зохицуулалтыг хэрхэн хангах талаар хэлэлцэж КОВИД-19 цар тахлын сөрөг үр дагаварыг даван туулах өөрчлөлтийг түргэсгэхэд улс орнууд туршлага солилцох, шийдэл, хурдасгуур болох онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж оролцогч талууд үзсэн.
Монгол Улсын төлөөлөгчдийг даргалж Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг тус чуулга уулзалтын 2021 оны 03 сарын 25-ны өдрийн “Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийг дэлхий, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд уялдуулах нь”, “Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах нь” хуралд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудын үндэсний хэрэгжилт, баримталж буй бодлого болон Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааны асуудлыг онцолж, салбар хоорондын уялдааг хангах, хөгжлийн төлөөх олон талын хүчин чармайлтыг уялдуулан ажиллаж буй талаар мэдээллээ.
Монгол Улсын Их хурлаас 2019 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2020 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталж, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор манай орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг цогцоор нь авч үзэн, тэргүүлэх зорилтуудыг тодорхойлсон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг баталсан талаар тус тус онцлон тэмдэглэв. Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд дотоод, гадаадын, олон талт түншлэлийг хөгжүүлэхэд төвлөрүүлэх нэн чухал болохыг онцолсон юм.