4 жилийн өмнө
Цар тахлын улмаас олон улсад худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал буурсан ч Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, сурталчилгааг хариуцах чиг үүргийнхээ хүрээнд Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллага /JETRO/, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Ирбис Венчурс компанитай хамтран “Invest in Mongolia - Tokyo 2021” Монгол-Японы бизнес форумыг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Энэ жилийн цахим форумын онцлог нь:
- Уул уурхайн бус бусад тэргүүлэх салбаруудаас (мэдээлэл технологи, органик бүтээгдэхүүн, ХАА, сэргээгдэх эрчим хүч гэх мэт) төсөл сонгон шалгаруулж, нэг сарын турш чадавхжуулан, сурталчилсан
- Хувийн хэвшлийн оролцоог илүү хангаж, өнгөрсөн 30 жилийн хөрөнгө оруулалтын ололт, бэрхшээлийг үүрсэн япон, монгол бизнесүүдийг сонгон хэлэлцүүлэг хийснээр
- Япон улсаас бодит хөрөнгө оруулалт татсан туршлагыг хуваалцсан
- Хөрөнгө оруулалтын орчин үүссэн хүндрэл бэрхшээлийг нээлттэй хэлэлцэж, шинэчлэн сайжруулах тал дээр хийгдэж байгаа цогц төлөвлөгөөг Үндэсний хөгжлийн газар танилцуулсан зэргээрээ онцлог байлаа.
Тухайлбал, Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада Монгол Улсад хэрхэн хөрөнгө оруулсан туршлагаасаа, Японы Марубени корпорациас 10.3 сая ам долларын хөрөнгө оруулалт татсан, технологийн дэвшилтэт шийдэл Fintech-ээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг Анд глобал компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ хөрөнгө оруулалт татсан амжилтын түүхээсээ, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамгийн анхны хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан станцын бүтээн байгуулалтуудыг хийсэн Ньюком Группын ТУЗ-ийн гишүүн Э.Орчлон Япончуудын хамгийн их сонирхол татаж буй Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүй, боломжуудын талаар хэлэлцлээ.
Монгол хонины арьсаар MONY RUGBY бөмбөгийг үйлдвэрлэж, Монгол малын арьсыг дэлхийд таниулж, Монголын аж үйлдвэрт нэмэр оруулах зорилготой Ямагүчи Сангёо ХХК, Монгол чацарганыг Япон Улсын зах зээлд танилцуулах зорилгоор чацарганын түүхий эдийг ашигласан “Made in Japan” гоо сайхны болон эрүүл мэндийн ГУАМАРАЛ брэндийг үүсгэж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн Япон Улсын “Такаражима Жапан” ХХК, мөн Сумитомо Корпорацийн амжилтын түүхээс хуваалцсан нь маш сонирхолтой байлаа.
Арга хэмжээний гол цөм болсон Төслийн танилцуулга хэсэгт - Start up World cup тэмцээнээс Монголоос оролцохоор шалгарсан, дуу яриаг бичвэрт, бичвэрийг дуу ярианд хөрвүүлэгч Chimege Systems, ХАА, Аквапоник тариалалт болон загас үржүүлгийн аж ахуй эрхлэгч Little River, нарны хавтан, салхин сэнс бүхий сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан үүсгүүрийн хосолмол систем болж чадсан явуулын бичил “цахилгаан станц” Nomadic Powerbox, таны гарт багтах дижитал эмнэлэг – Clinica төсөл, Хараа заслын лазик төв байгуулах Solongo Kharaa, хөдөө аж ахуй, газар тариалан, гоёлын цэцэг тариалалтын Urban Lily, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч sustainable fashion –Zoson, Монгол сүү сүүн бүтээгдэхүүн бяслаг үйлдвэрлэгч, Монголын бяслагийн Японы зах зээлд гаргах сонирхолтой Mongolian Artisan Cheesemakers Union (MACU) компаниудын төслийн танилцуулгууд Японы хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байлаа.
Японы талаас Японы Эдийн засаг, худалдааны яам (METI) дэмжиж, Гадаад худалдааны байгууллага (JETRO) хамтран зохион байгуулсан бөгөөд Монголтой танилцаж, төслүүдийг сонирхон хамтран ажиллах зорилгоор Японы Sumitomo bank, Marubeni, Mitsui Bussan, Sojits, Nissan, Nikki global, Itochu, Sysmex corporation, MUFG, Mobicom, KDDI, Mitsubishi, Tokyo Electric tower зэрэг Японы томоохон корпораци, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцсон нь Японы бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид Монголыг шинэ зах зээл, хөрөнгө оруулалтын шинэ талбар хэмээн үзэж байгааг илтгэж байна.
Монгол Японы бизнес форумд Японы талаас 340 гаруй, Монголын талаас 50 гаруй нийт 400 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн нь хэдий цар тахлын үе ч гэсэн хоёр талын сонирхол өндөр байгааг илэрхийлж байна. Японы талаас банк санхүү, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, бусад үйлдвэрлэлийн салбарууд, тээвэр, худалдаа, боловсрол зэрэг салбаруудын төлөөлөл оролцлоо.
Хөрөнгө оруулалтын цахим буухиа цаашид 6 дугаар сард зохион байгуулагдах Сөүл-2021 форумаар үргэлжилнэ.
Арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, панелист, илтгэгчдийн товч мэдээлэл, төслүүдийн товч танилцуулга болон "Invest in Mongolia" хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд зориулсан сар тутмын цахим сэтгүүлийг монгол, япон, англи хэлээр ҮХГ-ын www.japan.investmongolia.gov.mn –ээс үзнэ үү.