6 жилийн өмнө
НЭГ. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨСӨӨЛӨЛ
1.1 Дотоодын нийт бүтээгдэхүүн
2013 онд 11.6 хувийн өсөлттэй эдийн засаг олон улсад хамгийн өндөр өсөлттэй эдийн засагт тооцогдож байсан. Гэвч дэлхийн санхүү, эдийн засгийн хүндрэл, түүний дотор олборлох салбарын түүхий эдийн үнийн уналт болон уул уурхайн томоохон ордуудын ашиглалтаас авахаар тооцож байсан орлогын хэт өөдрөг төсөөллийн улмаас зээлийн хөрөнгөөр төсвийн зардлаа огцом өсгөсөн зэргээс шалтгаалан Монгол Улсын эдийн засагт хүндрэл учран, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2016 онд 1 хувь хүртэл буурсан.
Олон улсын зах зээл дээрх олборлох салбарын түүхий эдийн үнийн өсөлт болон эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг арилгах, төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах замаар эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй уялдан 2017 он гарсаар эдийн засгийн өсөлт эрчимжиж, ДНБ 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2017 оны жилийн эцэст 16.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 826 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн бол 2018 онд 18.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.2 (6.9%) их наяд төгрөгөөр өслөө.
Нийлүүлэлт талаас уул уурхай, үйлчилгээ, боловсруулах, хөдөө аж ахуйн салбаруудын үйлдвэрлэл эдийн засгийн өсөлтөд голлох эерэг нөлөөг үзүүллээ.
Уул, уурхайн салбарын өсөлт 5.1 хувьтай , Уул, уурхайн бус салбарын өсөлт 7.1 хувьтай байна. Мөн бүтээгдэхүүний цэвэр татвар өмнөх онтой харьцуулхад 8.6 хувиар өсөөд байна.
Хүснэгт 1. ДНБ-ийн өсөлт (салбаруудаар, 2010 оны үнээр)
ДНБ |
2017 |
2018 |
Хөдөө аж ахуй ойн аж ахуй загас барилт ан агнуур |
1.8 |
4.5 |
Уул уурхай, олборлолт |
-5.5 |
5.1 |
Боловсруулах үйлдвэрлэл |
20.1 |
15.7 |
Цахилгаан, хий, уур, агааржуулалт |
5.5 |
8.2 |
Барилга |
7.3 |
-5.0 |
Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ |
7.1 |
3.4 |
Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа |
14.2 |
6.7 |
Мэдээлэл, холбоо |
15.8 |
4.0 |
Үйлчилгээний бусад үйл ажиллагаа |
-3.3 |
-0.1 |
Бүтээгдэхүүний цэвэр татвар |
18.5 |
20.1 |
Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо
Хүснэгт2. ДНБ-ийн хэмжээ, өсөлт
ДНБ, Төсөөлөл |
2019 |
2020 |
2021 |
2022 |
ДНБ, Оны үнээр /тэрбум төгрөг/ |
36,310.6 |
40,681.2 |
45,826.2 |
51,636.6 |
ДНБ, өсөлт /хувь/ |
8.0 |
6.0 |
6.0 |
6.0 |
Эх сурвалж: Сангийн Яам
Азийн хөгжлийн банк Монгол Улсын Эдийн засгийн өсөлт 2019 онд 6.9 хувь, 2020 онд 6.3 хувьд хүрж ялимгүй буурах төлөвтэй гэж таамаглаад байна. Харин Дэлхийн банкны үзэж буйгаар Монгол Улсын Эдийн засгийн өсөлт 2019 онд 6.5 хувьд хүрнэ гэж таамаглаж байна.
1.2 Инфляци
Улсын инфляцийн түвшин 2015 онд 1.9 хувь, 2016 онд 1.0 хувь болж буурч 2017 онд 6.4 хувь болж, 2018 онд 8.1 хувь болж өссөн. Инфляцийн түвшин буурч нам түвшинд хүрэхэд эдийн засгийн өсөлт саарч, дотоод эрэлт хумигдсан нь голлон нөлөөлж байв. Мөн мах болон хатуу түлшний үнийн өсөлт голлон нөлөөлөв. Мах экспортлох эрэлт шинээр үүссэн, тээврийн зардал өссөн зэргээс шалтгаалан махны үнэ улирлын чиг хандлагаас зөрж өссөн. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлогын нөлөөгөөр хатуу түлшний үнэ 2018 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 64.6 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд Монголбанк инфляцийг 2018-2020 онд 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг тавьсан. Сангийн яамны хэрэглээний үнийн өсөлтиийн талаар 2019-2022 он хүртэлх хийсэн төсөөлөлд мөн 8 хувь байна гэж таамаглаж байна. Харин Азийн хөгжлийн банк Монгол Улсын 2019 оны инфляцийн түвшин 8.5 хувь, 2020 онд 7.5 хувьд хүрнэ гэж үзэж байна.
1.3 Ажилгүйдэл
Засгийн газраас ажлын байраар дамжуулан иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд иргэдийг ажлын байранд зуучлах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2016 оны эхний улирлын байдлаар 11.6 хүрээд байсан ажилгүйдлийн түвшин 2018 оны эцсийн байдлаар 7.8 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1 нэгжээр буурлаа.
Сангийн яамны ажилгүйдлийн түвшинг төсөөлсөн төсөөлөлд 2019 онд 7.6 хувь, 2020-2022 онуудад тогтмол 6.9 хувьтай байна гэж тооцсон байна.
1.4 Улсын нэгдсэн төсөв
Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.9 хувиар өсөж ДНБ-ний хэмжээ 32.2 их наяд төгрөгт хүрсэн. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны гүйцэтгэлээр 9.23 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 9.22 их наяд төгрөг болж, Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 онд 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарч байсан бол 2018 оны байдлаар 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оноос 1.8 их наяд төгрөгөөр буурахад тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2.0 (26.9%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын нийт орлого 8.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (30%) их наяд төгрөгөөр өсөхөд Нэмэгдсэн өртгийн албан татвар 577.9 (35.7%) тэрбум төгрөг, орлогын албан татвар 473.2 (29.3%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 299.5(22.7%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 234.7(45.2%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 170.1 (33.2%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 125.6 (21.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр 2018 онд 18,941.2 тэрбум төгрөг гарсан бол Сангийн Яамны Засгийн газрын өрийн нийт хэмжээг төсөөлсөн төсөөлөлд 2019 онд 20,739.6 тэрбум төгрөг, 2020 онд 22,089.1 тэрбум төгрөг, 2021 онд 22,910.5 тэрбум төгрөг, 2022 онд 23,869.2 тэрбум төгрөгт хүрнэ гэж үзэж байна.
Хүснэгт3. Улсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсөвийн төсөөлөл |
2019 |
2020 |
2021 |
2022 |
Тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ |
9,676.5 |
11,122.6 |
12,070.3 |
12,908.7 |
Нийт зарлагын хэмжээ /тэрбум төгрөг/ |
11,589.8 |
13,197.4 |
13,333.2 |
13,637.5 |
Тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ |
-1,913.3 |
-2,074.8 |
-1,262.9 |
-728.9 |
Эх сурвалж: Сангийн Яам
1.5 Гадаад худалдаа
Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт нэмэгдэж, машин тоног төхөөрөмжийн импорт буурснаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2014 оноос ашигтай гарч эхэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан, дотоодын ханшийн сулрал зэргээс болон 2015-2016 онуудад экспорт, импортын хэмжээ аль аль нь буураад байв.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 оны байдлаар 12.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 22.8 хувиар өссөн бол худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 728 сая ам.доллараар буурч 1.1 тэрбум ам.долларын ашигтай байна. Харин экспорт 13%-иар буюу 811 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.1 тэрбум ам доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 74.3 сая ам доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Импорт 36%-иар буюу 1.5 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 339.9 сая ам доллар, үүнээс дизелийн түлш 148.8 сая ам доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 363.2 сая ам доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 274.1 сая ам доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 206.5 сая ам доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөн уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар буурсан бол мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь 0.7 нэгж хувиар өссөн байна.
Импортын өсөлтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний өсөлт 16 нэгж / хувийг, хэрэглээний бүтээгдэхүүний өсөлт 8 нэгж хувийг, нефтийн бүтээгдэхүүний өсөлт 7 нэгж хувийг, аж үйлдвэрийн орц бүтээгдэхүүний өсөлт 4 нэгж хувийг бүрдүүлж байна. Энэ нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 694 сая ам.доллараар, хэрэглээний бүтээгдэхүүний импорт 358 сая ам.доллараар, нефтийн бүтээгдэхүүний импорт 323 сая ам.доллараар, аж үйлдвэрлэлийн орц бүтээгдэхүүний импорт 165 сая ам.доллараар тус тус өссөн.
Хүснэгт4. Гадаад худалдаа
Гадаад худалдааны төсөөлөл |
2019 |
2020 |
2021 |
2022 |
Экспорт /сая ам доллар/ |
7,650.0 |
7,800.0 |
8,370.0 |
8,950.0 |
Импорт /сая ам доллар/ |
6,200.0 |
6,690.0 |
6,840.0 |
6,900.0 |
Тэнцэл /сая ам доллар/ |
1,450.0 |
1,110.0 |
1,530.0 |
2,050.0 |
Эх сурвалж: Сангийн Яам
1.6 Төлбөрийн тэнцэл
Гадаад секторын нэг гол үзүүлэлт болох төлбөрийн тэнцэл 2009-2012 онуудад ашигтай гарч байсан нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын түвшин өндөр байсантай холбоотой. Харин 2013 оноос гадаадын хөрөнгө оруулалт саарч төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч ирсэн нь төгрөгийн ханшийг сулруулж, улмаар гадаад бондын өгөөжийг бууруулах, зээлийн хүүгийн зардлыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг бууруулах замаар төсөвт дарамт учруулж ирсэн.
Урсгал дансны алдагдлыг нөхөхдөө гадаад зах зээлээс эх үүсвэр татах замаар шийдвэрлэж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 4 дүгээр сард 500.0 сая ам.долларын Мазаалай бонд гаргасан, Кредит Свисс банкнаас 250.0 сая ам.долларын арилжааны зээл авснаар 2016 онд төлбөрийн тэнцлийн алдагдлыг 18.2 сая ам.доллар болгож бууруулсан байна.
ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон нь эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээ нэмэгдэх хөшүүрэг болж байнаҮүний үр дүнд бага хүүтэй эх үүсвэр татах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанк Хятадын Ардын банк хооронд байгуулсан юаны своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгасан бөгөөд Засгийн газрын зүгээс 2017 онд төлөгдөх байсан Хөгжлийн банкны бондыг /580 сая ам.доллар/ 7 жилийн хугацаатай үнэт цаасаар солих ажиллагааг 2017 оны 3 дугаар сард амжилттай хийсэн ба 2017 оны 5 дугаар сарын 24-нд хөтөлбөр батлагдсанаар эхний санхүүжилт болох 38.4 сая ам.доллар, АХБ-ны 100 сая ам.доллар орж ирж гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлээд байна. Мөн Япон Улсаас ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд манай улсад 850 сая долларын хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн билээ.
2018 оны байдлаар худалдааны тэнцэл 691 сая ам долларын ашигтай, үйлчилгээний дансны алдагдал -1.4 тэрбум ам доллар, анхдагч орлогын дансны алдагдал -1.4 тэрбум ам доллар, багцын хөрөнгө оруулалтын хувьд Хөгжлийн банк 10 сард 500 сая ам доллар, Гадаад зээлийн урсгал /цэвэр/ -649 сая ам доллар, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилт 300 орчим сая ам доллартай байна. 2018 онд Чингис бондын үлдэгдэл төлбөр болох 125 сая ам.доллар, Дим Сан бондын 160 сая ам.долларын төлбөрийг барагдуулжээ. Энэ нь улсын гадаад валютын нөөцөөс гарсан нь төлбөрийн тэнцлийн алдагдалд нөлөөлсөн.
Эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор 2018 оны урсгал дансны алдагдал өссөнөөр төлбөрийн тэнцэл -141.2 сая ам долларын алдагдалтай гарсан бол Сангийн яамны төлбөрийн тэнцлийн төсөөллөөр 2019 онд 764.2 сая ам долларын ашигтай, 2020 онд 206.1 сая ам долларын алдагдалтай , 2021 онд 643.9 сая ам долларын алдагдалтай, 2022 онд 600 сая ам долларын алдагдалтай гархаар байна гэж үзжээ.
1.7 Гадаадын шууд хөрөнгө оруулалт
Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт орох урсгалаар 2018 онд 2.46 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 17.7 хувиар өсөөд байгаа юм. Эдийн засгийн салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолт, бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээний бусад үйл ажиллагаа дийлэнх хувийг бүрдүүлж байна. 2011, 2012 онуудад Гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр байсан нь Оюу Толгойн гэрээ байгуулагдсантай холбоотойгоор уул, уурхайн салбарт өндөр хөрөнгө оруулалт орж ирсэн нь нөлөөлсөн. Засгийн газраас хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих Зөвлөл байгуулснаар хөрөнгө оруулагчид эрхээ хамгаалуулах, тулгамдаж байгаа асуудлаараа Засгийн газарт хандах боломж бүрдсэн. Мөн Төр-Хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог 2017 байгуулан ажиллуулж байна. Уг бүтцүүд нь хөрөнгө оруулагчдын нилээдгүй олон өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт нэмэгдэх үндэс болно гэж үзэж байна. Монгол Улс нь хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах чиглэлээр гадаад талдаа Хөрөнгө оруулалтын талаар үүссэн маргааныг шийдвэрлэх тухай Вашингтоны конвенцид нэгдэн орсон. Мөн 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг байгуулсан байдаг.
Гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулсанаар хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай хүргэж, цаг хугацааг хэмнэж, цаашилбал, хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, итгэлийг сэргээн шинэ болон дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг бүрдүүлж байна.Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн цогц хэлбэрээр хүргэснээр Монгол Улсад бизнес эрхлэх орчин нөхцөл нэг алхамаар сайжирч, хөрөнгө оруулалт хийхээс өмнөх болон дараах үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай, ил тод нээлттэйгээр үзүүлэх нөхцөл бүрдэж, Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үйлчилгээ сайжирна гэж үзэж байна
Гадаадын хөрөнгө оруулалттай Аж, ахуйн нэгж байгууллагын тоо жилээс жилд өссөөр байгаа бөгөөд 2018 онд 489 ААН шинээр бүртгэгдэж, энэ нь өмнөх оны мөн үеэс 86(21.3%)-аар өсөөд байгаа юм.
/Эх сурвалж: Үндэсний хөгжлийн газар, Судалгаа шинжилгээний газар/