6 жилийн өмнө
Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитикийн өөрчлөлтүүд эрчимтэй явагдаж үүнийг дагаад манай хөрш орнуудын гео-эдийн засгийн бодлогод томоохон өөрчлөлт ажиглагдах болжээ. Үүний нэг тод жишээ нь манай урд хөрш болон АНУ-ын хоорондох худалдааны дайн, мөн хойд хөрш болон Барууны орнуудын тааламжгүй харилцаанаас үүдэлтэйгээр Зүүн Хойд Ази, Ази Номхон Далайн бүст эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах боллоо.
ОХУ, БНХАУ-н хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, ойрын ирээдүйд хоёр орны худалдаа 200 орчим тэрбум долларт хүрэх төлөвтэй байна.
Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтаар гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан нь далайд гарцгүй Монгол орны хувьд эдийн засгаа өсгөх боломж юм.
Эдийн засгийн коридорын бүст үйлдвэрлэх хүчний хөгжлийг зөв төлөвлөн шинээр нутаг дэвсгэр-үйлдвэрлэлийн цогцолбор төвүүд, тээвэр-эдийн засгийн зангилаанууд бий болгон тээвэр-эдийн засгийн байнгын холбоо, ачаа урсгалыг бүрдүүлж, улсынхаа эдийн засагт өндөр үр ашигтай төсөл болгох шаардлагатай байна. Үүний тулд Тээвэр-эдийн засгийн тогтвортой холбоо, ачаа урсгалын нийлбэр хэмжээ, ачааны бүтэц, чиглэл нь тээврийн төрлүүдийг оновчтой ашиглах хүрээ, зохистой байршлыг тогтоох, тэдгээрийн хөгжлийн цар хэмжээг тодорхойлох нь чухал.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулганаар “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” Тогтвортой хөгжлийн зорилтод “Тогтвортой дэд бүтэц, үйлдвэрлэл, инновацийг дэмжих” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд тус зорилтын хүрээнд улс орнууд тээврийн нэгдсэн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, тав тухтай хүргэх, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай техник, технологийг хөгжүүлэхээр төлөвлөх шаардлагатай болж байна.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д “Эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлнэ, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээг өргөжүүлнэ”
Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон салбарын хэмжээнд “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх” гэсэн зорилтуудыг тусгасан байдаг.
Иймээс уг судалгааны ажлын хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зам, тээврийн салбарын бодлогод өгсөн үнэлэлт дүгнэлт, коридорын эдийн засгийн шинжилгээ, эрсдлийн үнэлгээ, гадаад орнуудын туршлага, эдийн засгийн коридорыг хөгжүүлэх санал дүгнэлт боловсруулж, зөвлөмжүүдийг гаргасан болно.