7 жилийн өмнө
Нийслэлийн хэмжээнд концессын гэрээгээр баригдаж байгаа 4 сургуулийн нэг Баянгол дүүргийн тэргүүний, гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалттай 73 дугаар сургууль өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийлээ. Тус сургууль 2010 онд сургалтын үйл ажиллагаа явуулах, хүүхэд хүлээн авах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, 2013 оноос хүүхдүүдээ дүүргийнхээ гурван сургуульд хуваан хичээллүүлж байсан юм. Харин өнөөдөр тус сургууль 960 хүүхдийн суудалтай цоо шинэхэн хичээлийн байраа хүлээн авлаа. 73 дугаар сургуулийн барилгын ажлыг 2015 онд “Монкон Констракшн” ХХК нь Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газартай хуучин барилга буулгаж, шинээр барих, санхүүжүүлэх, шилжүүлэх барих гэсэн гүйцэтгэх ажлын концессын гэрээг байгуулж, угсралтыг 2016 оны тавдугаар сард эхлүүлэн, графикын дагуу хийн ийнхүү хүлээлгэн өгч байгаа юм.
Тус сургууль нь Боловсролын салбарт анхны концессын гэрээгээр баригдаж ашиглалтанд орж байгаа сургуулийн барилга юм. Сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Баянгол дүүргийн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Б.Бурмаа болон албаны бусад хүмүүс оролцож, шинэ хичээлийн байрандаа орж буй сурагч хүүхдүүд, тус сургуулийн багш, ажилчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн юм.
Шинээр баригдсан сургуулийн барилга гурван давхар, 7158 м2 ашиглалттай талбайтай, 30 анги танхим, 27 кабинет, 260 хүүхдийн суудалтай урлаг заал, 606м2 талбайтай спорт заал, чөлөөт бөхийн бэлтгэлийн өрөө, иж бүрэн номын сантай, хоёр блоктой юм. Сургуулийн захиргаа болон тус сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч нар “Монкон Констракшн” ХХК-ны хамт олонд болон Япон улсын хөрөнгө оруулагч нарт талархсанаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.