7 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газар (ҮХГ), Тайландын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал” төслийг энэ оны есдүгээр сараас 2020 оны гуравдугаар сар хүртэл Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймагт хэрэгжүүлэх болжээ.
Энэхүү төсөл нь Монгол Улсын аялал жуулчлалын бүсчилсэн хөгжлийн загвар, хэрэгжүүлэх арга хэмжээ, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г боловсруулах юм. Уг төслийн бэлтгэл ажлыг хангах, талуудын хамтын ажиллагааны боломж, нөхцлийг тодорхойлох үүднээс өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Аялал жуулчлалын салбарыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл болгох зорилтыг “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бичиг баримтад тусгасан.
Монгол Улс жилд дунджаар 400-500 мянган жуулчин хүлээн авдаг. Харин дээрх зорилтыг бүрэн биелүүлснээр жилд 2 сая жуулчин хүлээн авах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм. Энэхүү зорилтыг биелүүлэхэд “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал” төсөл томоохон түлхэц үзүүлнэ хэмээн ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр хэлэлцүүлгийн үеэр онцлов. Тэрбээр, “Аялал жуулчлал олон төрөлтэй. Монгол Улсад л гэхэд зөвхөн түүх, археологийн олдвортой танилцах гэж ирдэг нэг хэсэг байхад байгалийн үзэсгэлэнт газраар аялах зорилготой жуулчин ч бий. Мөн Монголын нүүдэлчин ахуйтай танилцах хүсэлтэй хүмүүс ч бий. Тиймээс дээрх гурван төрлөөр бүсчилсэн аялал, жуулчлал хөгжүүлэх нь зөв” гэлээ. 21 аймагт аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд олон.
Төсөл хамтран хэрэгжүүлэгч Тайланд улс нь нэг жилд хүлээн авдаг жуулчны тоогоор дэлхийн орнуудаас есдүгээр байрт эрэмблэгддэг байна. Мөн аялал жуулчлалаас олох орлогоороо гуравдугаар байрт ордог бөгөөд бүсчилсэн хөгжлөөр тэргүүлэгч орны нэг хэмээн Тайландын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн орлогч захирал Пайсан Рупаничкиж дурьдлаа.
Тэрбээр,“Монгол, Тайланд улс эрүүл мэнд, боловсрол болон техник, технологийн чиглэлээр олон жил хамтран ажилласан туршлагатай. Одоо аялал жуучлалын чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. Тайландын эдийн засагт аялал жуулчлал давамгайлдаг. Сүүлийн жилүүдэд эдийн засгаа солонгоруулах чиглэлд анхаарах болсон.
Тиймээс Монгол Улсаас ноос, ноолуур болон хөдөө аж ахуйн хөгжлийн чиглэлд туршлага судлах боломж гарна гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, аялал, жуулчлалаас гадна бусад салбараа хөгжүүлэх чиглэлд харилцан туршлага судлах боломж нээгдэж байгаа юм хэмээн ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн захирал Штефан Ханселман хэллээ. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид энэ сарын 24 хүртэл Увс аймагт ажиллаж, төсөл хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулах юм. Харин төслийн нарийвчилсан төлөвлөгөө ирэх 11 дүгээр сард бэлэн болно.