7 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газар, БОАЖЯ, НҮБ-ын ногоон эдийн засгийн төлөөх түншлэл санаачлагатай хамтран “Ногоон эдийн засаг ба худалдааны боломж” сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлгийг Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр Ногоон эдийн засаг, худалдааны хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ гэдэгт төвлөрч ярилцав.
Байгальд ээлтэй технологи ашигласан бизнесийг хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогыг олон улсын худалдаатай уялдуулах, хөдөө аж ахуйн тогтвортой ногоон үйлдвэрлэл, үнэ цэнийн гинжин хэлхээ, олон улсын худалдааны боломжийн талаар санал солилцсон юм. Улмаар тогтвортой хөгжилд хүрэх гүүр болсон ногоон өсөлт, ногоон үйлдвэрлэл, ногоон худалдааг хөгжүүлэхэд төр хувийн хэвшлийн уялдааг сайжруулах нь чухал гэдэгт оролцогсод саналаа нэгтгэлээ.
"Монгол улсын ногоон эдийн засагт шилжих шилжилт ба гадаад худалдааны боломж" зөвлөлдөх уулзалт нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилт, үйл ажиллагаатай нягт уялдаж байгаа билээ.
Зөвлөлдөх уулзалтад НҮБ-ын донорууд (Норвеги, БНСУ), Бүгд Найрамдах Киргизстан Улсын Сангийн Яамны дэд сайд болон бусад төлөөлөгчид, Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний хөгжлийн газар, МУИС-ын Бизнесийн сургууль, ШУТИС, Мэргэжлийн холбоод, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн техникийн хорооны гишүүдийн төлөөлөл оролцлоо.