7 жилийн өмнө
Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. 1949 онд хоёр багш, хоёр ажилтан, 75 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлж байсан энэ сургууль одоо 3000 гаруй сурагч, 150 гаруй багш, ажилтан, хичээлийн хоёр байртай улсын тэргүүний лаборатори сургууль болжээ.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Офицеруудын ордны замын урд байрлах тус сургуулийн хуучин дөрвөн давхар цагаан барилгад сургалт явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Үүнээс хойш сурагчдаа дүүргийнхээ 44, 53, 92 дугаар сургуулиудад сурагч, багш нараа хуваарилан сургалт хүмүүжлийн ажлаа үргэлжлүүлж байв.
Засгийн газрын 2015 оны 317 тоот тогтоолоор тус сургуулийн барилгыг концессийн гэрээгээр барих шийдвэр гарсан. “Нарлаг хөхий” компанийн зураг төслийг нь гарган, “Цамхаг констракшн” ХХК нь Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газартай хуучин барилга буулгаж, шинээр барих, санхүүжүүлэх, шилжүүлэн барих гэсэн гүйцэтгэх ажлын концессын гэрээг байгуулж, угсралтыг 2016 оны долоодугаар сард эхлүүлэн, графикын дагуу хийн ийнхүү хүлээлгэн өгч байгаа юм.
Нээлтийн үеэр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан
"Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид ээ, Хүүхэд багачууд, сурагчид аа, Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Юуны өмнө энэ сайхан шинэхэн эрдмийн өргөөний нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Үндэсний хөгжлийн газар нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх, Засгийн газраас тэргүүлэх ач холбогдол өгч байгаа төсөл, хөтөлбөрийг Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлдэг.
Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүргийн 14 дүрээр дунд сургууль барих энэхүү төсөл юмаа.
Боловсролын салбарт концессын гэрээгээр нийт 18 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хотод 1500 хүүхдийн суудалтай Баянзүрх дүүргийн 14, Баянгол дүүргийн 38 дугаар дунд сургууль, 960 хүүхдийн суудалтай Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургууль, 640 хүүхдийн суудалтай Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуулийн төслүүд амжилттай хэрэгжиж байна. Орон нутгийн хэмжээнд нийт 100 – 150 хүүхдийн ортой цэцэрлэгүүд, 320 хүүхдийн суудалтай дунд сургууль, 500 хүний суудалтай соёлын төв, спортын цогцолборын барилгууд концессын гэрээгээр амжилттай хэрэгжиж, эхнээсээ улсын комиссод хүлээлгэн өгөөд байна.
14 дүгээр дунд сургуулийн насжилтийн хугацаа дуусч, 2013 оны 12 дугаар сард хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул тус сургуулийн багш, сурагчид ойролцоох 4 сургуульд 3 ээлжээр хичээллэх болсон.
Хуучин барилгыг буулгаж шинээр барих хэрэгцээ шаардлага гарсантай холбоотойгоор хөрөнгө оруулалтын бүхий л хэлбэрээр хэрэгжүүлэхээр судалсан боловч улсын төсөв хүндрэлтэй нь дээр зээл тусламжаар барих боломжгүй байсаар 2015 онд концесс, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр болж Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулж, Засгийн газрын 2016 оны 259 дүгээр тогтоолын дагуу 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Цамхаг Констракшн” ХХК-тай концессын гэрээг байгуулсан.
Улсын төсөв хүндрэлтэй энэ цаг үед Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлээр энэхүү төслийг хэрэгжүүлснээр Концесс эзэмшигч 100 хувь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр тухайн барилгыг богино хугацаанд буюу 1 жил гарангийн хугацаанд хурдан шуурхай чанартай гүйцэтгэн хүлээлгэн өгсний дараа концессын гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр 2 хуваан санхүүжилтээ авах гэж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус төслийг хэрэгжүүлснээс хэд хэдэн давуу талтай ажил болоод байна.
Эцэст нь хэлэхэд энэхүү шинэхэн сургуулиа өлгийдөн авч байгаа багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд, сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, тус төслийг амжилттай гүйцэтгэсэн “Цамхаг Консракшн” ХХК-ийн хамт олонд цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье." хэмээлээ
Шинэ сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Саранчимэг, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, БСШУС-ын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ё.Отгонбаяр, Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Дон Ти Хуон, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон тус сургуулийг төгсөгч Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат болон сурагчид, багш нар, эцэг эхчүүд оролцлоо.