7 жилийн өмнө
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, ӨМӨЗО-ын Худалдааны танхимтай хамтран 2017 оны 9-р сарын 27-нд ӨМӨЗО-ы Хөх хотод "Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Хонконгийн тусгай захиргааны бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэг"-ийг амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт гурван талын нийт 300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын УИХ-ын гишүүн Л.Болд болон ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын дэд тэргүүн Ай Ли Хуа нар нээж, тус тус үг хэлэв. Мөн үндсэн илтгэлийг ҮХГ-ын дарга Б.Баярсайхан болон ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга Сүн Вэй Дүн нар тус тус тавьсан бол бусад холбогдох албаны төлөөлөл “Дэлхийн хөрөнгө оруулалтын орчны бодлого”, “Гаалийн баталгаат бүс, Монгол-Хятадын төмөр замын логистикийн томоохон төсөл”, “Монгол-Хятадын хил дамнасан хамтын ажиллагаа”, “Монгол-Хятадын санхүүгийн хамтын ажиллагааны тавцан” зэрэг сэдвээр илтгэл танилцуулга тус тус хийв.
Энэхүү хэлэлцүүлэгт ӨМӨЗО-ын аймаг, хотуудын хөрөнгө оруулалтыг дэмжигч байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Хонгконгийн томоохон хөрөнгө оруулалтын төслийн байгууллагууд, бүх төрлийн аж үйлдвэрийн парк; БНХАУ-ын Хонгконг, Макао болон Монгол Улсын хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагууд, томоохон группүүд, хөрөнгө оруулалтын компани, худалдааны нийгэмлэг, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн байгууллагууд, хувиараа хөрөнгө оруулагчид, эдийн засгийн салбарын эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Гурван талын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүхий, сонирхол татахуйц төсөл хөтөлбөрүүдийг өөр хоорондоо танилцуулсан өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.