Хөрөнгө оруулалтын дэмжлэгийн хүрээнд Монгол Улсад хоёр дахь салхин цахилгаан станц ашиглалтанд орлоо


7 жилийн өмнө


undefined

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн өсөлтийг дэмжих төслүүдийн нэг болох “Клин Энержи Ази” ХХК /түүний хувьцаа эзэмшигчид болох “Ньюком” ХХК болон “СофтБанк Энержи” корпораци/ нь Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг болон Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран Монгол Улсын өмнөд бүсэд 50 Мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөгөөт хугацаандаа амжилттай дуусган, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ.

undefined

Уг салхин станцыннээлтэд Үндэсний хөгжлийн газрыг төлөөлж тус газрын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Н.Баярчимэг оролцсон бөгөөд тэрбээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ

“Үндэсний хөгжлийн газар нь  эрчим хүчний салбар, үүн дотор сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүдэд өндөр ач холбогдол өгч, тууштай дэмжиж ирсэн бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу “Салхитын салхин парк” төслийг хэрэгжүүлэгч “Клин Энержи” ХХК-д болон “Цэций салхин станц”-ын төслийг хэрэгжүүлэгч “Клин Энержи Ази” ХХК-д тус тус 9 жилийн хугацаатай Тогтворжуулах гэрчилгээг 2016 онд олгосон бол ирэх онд ашиглалтад орох “Сайшандын салхин парк”-ийн төслийн хэрэгжүүлэгч хуулийн этгээдэд мөн адил 9 жилийн хугацаатай Тогтворжуулах гэрчилгээг олгоод байна. Эдгээр төслүүд маань бүгд амжилттай хэрэгжиж заасан хугацаанд хөрөнгө оруулалтаа оруулж байгаа нь та бидний хамтын ажиллагаа тодруулбал, төр хувийн хэвшлийн түншлэлийн бодит үр дүн юм” гэдгийг онцлов.

undefined

“Клин Энержи Ази” ХХК-д дээр дурьдсан төслийн хүрээнд Тогтворжуулах гэрчилгээ олгосноор тус хуулийн этгээдийн төлөх дор дурдсан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулах юм. Үүнд:

•             Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар,

•             Гаалийн албан татвар,

•             Нэмэгдсэн өртгийн албан татвар.

Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт эрчимтэй өсч, 2015 онд түүхэн дээд хэмжээнд буюу 348.5 тэрбум ам.долларт хүрсэн бол 2016 онд сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадал хамгийн ихээр нэмэгдсэн жил байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Үүнээс нар болон салхины эх үүсвэрт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн талаар онцолж байгаа бөгөөд цаашид олон улсын хөгжлийн байгууллагууд, банк санхүүгийн корпорациудын зүгээс “цэвэр” хэмээн тодорхойлогддог энэ салбарт олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх хандлагатай байгаа нь сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй манай улсын хувьд нэг талаас байгалийн нөхөн сэргээгдэх баялгаа үр ашигтай зарцуулах замаар эрчим хүчний хараат байдлаа бууруулах, нөгөө талаас УИХ, Засгийн газраас баталсан эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтуудад тусгагдсан зорилтоо биелүүлэх боломжийг олгоно гэж Үндэсний хөгжлийн газраас үзэж байгаа юм.