7 жилийн өмнө
2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо – 2017” анхдугаар бизнес чуулга уулзалтад тус газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Л.Мөнбат оролцож “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл мэдээлэл хийлээ. Тэрээр уг илтгэлдээ Монгол Улсын хөрөнгө оруулалтын гадаад болон дотоод орчин, өнөөгийн нөхцөл байдал болон ЕАЭЗХ-ны гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ-ын ГШХО-ын статистик тоо баримтууд, Монгол Улсын татварын болон татварын бус дэмжлэгүүд зэрэг хөнгөлөлт чөлөөлөлт, боломжуудын талаар болон хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр ҮХГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай дэлгэрэнгүй танилцуулж, ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран харилцан ашигтай ажиллах өргөн боломжууд байгааг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн Эдийн засгийн комисс болон МҮХАҮТ хамтран зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтад Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Евразийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсын ЗТХЯ, ЭХЯ, СХЗГ, МХЕГ, МЭҮГ, ҮХГ-ын удирдлага, албан тушаалтнууд, ОХУ, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, түүнчлэн Монгол, Орос, Беларусь, Казахстаны бизнес эрхлэгчид зэрэг нийт 200 гаруй төлөөлөгчид оролцов.
Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс уулзалт, семинар, дугуй ширээний ярилцлага болон бизнес чуулга уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж байхаар тохиролцсоноор чуулга уулзалт амжилттай өндөрлөв.