7 жилийн өмнө
2017 оны 10 дугаар сарын 25-26 өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо Хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын чуулга уулзалтыг зохион байгуулсан бөгөөд Монгол Улс “Хөрөнгө оруулалтын орчны шинэтгэлийг манлайлагчдын нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч гишүүн улс орноор сонгогдон урилгаар оролцлоо. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр шинэтгэл хийж буй дэлхийн 90 гаруй улс орнуудаас бодит ахиц дэвшил үзүүлж амжилт гаргасан орны нэгээр Монгол Улс тодорч дээрх нийгэмлэгийн санаачлагч гишүүн орноор сонгогдсон юм.
Тус чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяраар ахлуулсан төлөөллийн бүрэлдэхүүнд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал А.Төмөр, Үндэсний Хөгжлийн Газрын дарга Б.Баярсайхан, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын референт Ш.Үнэнтөгс, Дэлхийн Банк Группын Худалдаа, өрсөлдөх чадварын газар (ХӨЧГ)-ын Төслийн удирдагч Д.Жигжидмаа, бодлогын шинжээч Г.Мэндсайхан нар оролцов.
Энэхүү чуулга уулзалтын зорилго нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр улс орнуудын хэрэгжүүлж буй шинэтгэлийн ажлуудын туршлагаас хуваалцах, түүний бодит үр дүн, нөлөөллийг олон улсын бизнесийн хүрээнийхэнд жишээ болгон харуулахад чиглэгдэж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын орчны шинэтгэлийн чиглэлээр улс орнуудын зүгээс гаргаж буй хүчин чармайлт, авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл, санал, туршлага солилцох зорилгоор Казахстан, Этиоп зэрэг улс орнуудын төлөөллүүдтэй тусгайлсан уулзалтуудыг хийж. Этиоп улсын аж үйлдвэрийн парк, гадаадын хөрөнгө оруулалтыг тодорхой бодлого, стратегит суурилан татах ажлыг удирдан манлайлж явсан удирдлагын тухай туршлага, тус улсын хөрөнгө оруулалтын газрын чадавхийн талаар, түүнчлэн Казахстан улсын хөрөнгө оруулалтын бодлого, институциудын зохион байгуулалтын талаар санал солилцож, цаашдаа хамтран ажиллахаар боллоо.