7 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газар, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) ЭТИС хөтөлбөр хамтран “Тогтвортой хөгжлийн үндэсний VII форум”-ыг 11 сарын 16-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.
НҮБ-аас 17 зорилго, 169 зорилт, 241 шалгуур үзүүлэлттэй “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт”-ыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нд баталсан билээ. Монгол улсын хувьд мөн адил дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлттэй “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыгн баталсан бөгөөд холбогдуулан 2016 онд тус форумыг зохион байгуулсан.
Энэ удаагийн Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумын үеэр Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд дотроос “Хүртээмжтэй, Тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийт хүн амыг үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байраар хангах” гэсэн зорилтын хүрээнд олон улсын судлаачид, үндэсний экспертууд санал бодлоо хуваалцлаа. Хөдөлмөр эрхлэлт нь цахим буюу үйлдвэржилтийн хувьсгал 4-ийн үед ямар болох түүнд Монгол Улс ямар бодлогтой байх талаар форум анхаарал хандууллаа.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, ХБНГУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга К.Гласс, GIZ-ийн суурин төлөөлөгч Д.Пассон нар форумыг нээж үг хэллээ. ИБУИНВУ-ын Конвенторийн Их сургуулийн судлаач Др.Ф.Кругер “Итгэлцэл-Тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх гол боломж” сэдвээр үндсэн илтгэл сонордууллаа. Мөн форумын үеэр “ТХ3 8” хүрээнд сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд өрнөх бөгөөд , үдээс өмнө “Монголын эдийн засгийн төлөв”, “Дэлхийн ТХЗ-уудын хэрэгжилт Монгол Улсад”, “Иргэдийн оролцоотой орон нутгийн хөгжлийн бодлого-Тогтвортой хүртээмжтэй аялал жуулчлалын Тайланд Улсын Кэйс“ судалгаа, ХБНГУ-ын судлаач Ш.Байссвенгер “Аж үйлдвэр 4.0 ба үйлдвэрлэлийн өөрчлөлт”, GIZ ЭТИС хөтөлбөрийн захирал Др.Ш.Ханселманн “Ноён Робот бүхнийг хийнэ – Дижитал эрин үеийн хөдөлмөрийн эрхлэлт” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.
Үдээс хойш “Яагаад чухал вэ? – Орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангах амжилтын хүчин зүйлс ба гол бүтээгдэхүүн” сэдвээр форум үргэлжилсэн бөгөөд Зохистой хөдөлмөр эрхлэлт үү, Хөдөлмөр эрхлэлтгүй өсөлт үү сэдвээр хаалтын хэлэлцүүлэг явагдсан бөгөөд үүнд төр, хөдөлмөр эрхлэлтийн ирээдүйн талаар хэлэлцүүлэг өрнүүлж оролцогчдын хамтаар шийдлийг илэрхийллээ.
Дашрамд дурьдахад, Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д Монгол улсыг 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно” хэмээн томъёолсон. Тухайлбал, нэг хүнд ноогдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6%-иас доошгүй байхаар зорилтод тусгажээ.