7 жилийн өмнө
Япон Улсын Токио хотноо 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулагдсан “Инвест Монголиа Токио 2017” чуулга уулзалтад Үндэсний Хөгжлийн Газрын Дарга Б.Баярсайхан оролцлоо.
Энэхүү чуулга уулзалтын үеэр Монгол-Японы хамтын ажиллагаа, төр засгийн бодлого, чиглэл, хоёр орны хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-ийн хэрэгжилт, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулах зорилго, Монгол Улсын хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчны талаар илтгэл тавилаа.
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулах ажлын хүрээнд Японы эдийн засаг, худалдааны яам /METI/, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/ болон бусад холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж, уг цэгийг байгуулахад хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж, нөхцөлийн талаар харилцан санал солилцон цаашдаа хамтран ажиллахаар боллоо.
“Инвест Монголиа Токио 2017” чуулганаар Монгол Улсын эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтын орчин хэтийн төлөв, хөгжлийн бодлогын талаар 12 илтгэл тавигдаж 8 хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Монгол Улсын зүгээс хөрөнгө оруулалт хийх төлөвтэй салбарууд тэр дундаа банк санхүү, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн талаарх шинэчилсэн мэдээллүүдийг хөрөнгө оруулагч нарт танилцуулсан юм.
Тус чуулга уулзалтыг сүүлийн таван жилийн турш Токио хотноо зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад гадаад, дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцлоо.