7 жилийн өмнө
Хөгжлийн тооцооллын загварыг нутагшуулахад өмнө нь хийгдсэн ажил:
ДТХЗ болон МУТХҮБ-2030-ыг хэрэгжүүлэхийн хүрээнд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Эдийн Засаг Нийгмийн Асуудал Эрхэлсэн Зөвлөл /НҮБЭЗНАЭЗ/ болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс 2017 оны 03 дугаар сарын 06-10-ны өдрийн хооронд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулсан “2030 онд хүрэх зорилтуудыг хангахад шаардлагатай загварчлалын аргачлалууд ба Тогтвортой хөгжлийн зорилтуудын бодлого” сэдэвт семинар дээр танилцуулагдсан хөгжлийн загваруудыг Монгол Улсад нутагшуулах ажлыг Үндэсний хөгжлийн газар эхлүүлсэн.
Үүний мөрөөр Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс 2017 оны 03 дугаар сард НҮБЭЗНАЭЗ-ийн олон улсын зөвлөхийг Үндэсний хөгжлийн газар дээр ирж ажиллах хүсэлтийг хүргүүлснээр хөгжлийн загварын танилцуулга сургалтыг төрийн, эрдэм шинжилгээний болон бусад талуудад зохион байгуулсан.
Хөгжлийн тооцооллын загвар ашиглах чадавх бэхжүүлэх чиглэлээр:
Макро эдийн засгийн “CGE” загвар, Нийгмийн тооцооллын матриц, түүний ашиглалтын талаар танилцуулах, ашиглах талаар хийгдэх сургалтыг Үндэсний хөгжлийн газар 2018 оны 01 дүгээр сарын 15-19-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Аргентин Улсын Ла Плата Үндэсний Их Сургуулийн Доктор Martin Cicowiez болон Дэлхийн банкны эдийн засагч, Доктор Hans Lennart гэсэн олон улсын зөвлөхүүдтэй хамтран зохион байгуулав.
Уг сургалтаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдэд дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад, макро эдийн засгийн загварчлалын аргыг ашиглах чадамжийг бий болгохоор ажиллаа.
Уг сургалтанд Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт, ХААИС зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.
Хөгжлийн тооцооллын загварыг нутагшуулахад цаашид хийгдэх ажил:
Уг сургалтаар CGE загварын анхан шатны ойлголтыг статик (цаг хугацаан хэмжээс байхгүй) загвар ашиглан ISIM программ дээр танилцуулсан бөгөөд ирэх 3 дугаар сард болох 2-р шатны сургалтаар динамик загвар ашиглан МУТХЗ-2030 зорилтууд дээр тулгуурласан CGE загварыг танилцуулахаар уг олон улсын зөвлөх баг ажиллаж байна. Уг динамик CGE загвар бэлэн болсноор хөгжлийн бодлогын дунд хугацааны төлөвлөлтийн симуляци тооцооллыг хийх боломжтой болох юм.