Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг тодорхойлсон Монголын эдийн засгийн форум


7 жилийн өмнө


Энэ хаврын эдийн засгийн форум "Хүчээ нэгтгэе" уриан дор өчигдөр Төрийн ордон болов. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг төр, хувийн хэвшлийн түншлэлийн энэхүү чуулганаар Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Татварын багц хуулийн шинэчлэл болон холбогдох бусад салбарын хөгжлийн асуудлаар санал солилцож зөвлөлдлөө. Эдийн засгийн чуулга уулзалтыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ "Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах ёстой. Эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгуурт эдийн засагтай болох зорилтыг хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарын дундын уялдааг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь туйлаас чухал байна." гэлээ. Ингээд эдийн засгийн чуулганы салбар хуралдаан болох “Хувьчлал, шинэчлэл”-ээс мэргэжилтнүүдийн байр сууриа илэрхийллээ.

undefined

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм сэдвээр Үндэсний хөгжлийн газрын дарга бөгөөд Төр, Хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны дарга Б.Баярсайхан илтгэл танилцууллаа.

undefined

Тэрээр уг илтгэлдээ "Төр, хувийн хэвшлийн хэлэлцэл /PPD/ нь бизнес, хөрөнгө оруулалтын орчинд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, хэлэлцэх, холбогдох санал зөвлөмжийг боловсруулах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд төр ба хувийн хэвшил гар нийлэн хамтран ажиллахад чиглэсэн бүтэц зохион байгуулалт бүхий механизм юм. 

undefined

Төр, хувийн хэвшлийн хэлэлцэл нь ердийн нэг “зөвлөлдөх уулзалт” бус харин байнгын үргэлжлэх үйл явц учир ил тод байдлыг бий болгох, хувийн хэвшлийн тэнцвэртэй оролцоог хангах гэх олон давуу талтай" гэж онцлов.

undefined

Төрийн өмчийг хувьчлах асуудлаар Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэл захирал Х.Алтай 

“Хөрөнгийн зах зээлээр дамжуулж хувьчлал ярихын тулд зах зээлийн багтаамж ямар байгааг ярих хэрэгтэй байх. Монголд санхүүжилтийн бараг цорын ганц эх үүсвэр болох зээлийн өртөг өндөр байна. Зээлийн дундаж хүү 19.9 хувь. Харин банкны хадгаламжийн хувьд дунджаар 13 хувь байна. Графикаас харахад иргэд, ААН-үүдийн хадгаламж 7.7 их наяд төгрөг. Энэ мөнгө хадгаламжаас өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд орох боломжтой.

2017 онд манай хөрөнгийн зах зээл дэлхийн хамгийн тэргүүлэгч өсөлттэй байсан. Топ-20 индекс гэхэд 67 хувиар өссөн байгаа.

Хувьчлал явагдсанаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжинэ. Хувьчлагдсан компанийн үйл ажиллагаа, засаглал сайжирч, ашигтай ажиллах боломж бүрдэх юм.

Монголын Хөрөнгийн Бирж ч мөн адил хувьчлагдах боломжтой. Хөрөнгийн зах зээлийн багтаамж сүүлийн жилүүдэд өссөн. Иргэд харьцангуй өгөөж сайтай бүтээгдэхүүн байвал худалдаад авчих боломжтой байна” гэв.

undefined

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор 

“Төрийн өмчит 126 компанийг зарчихвал авлига үгүй болно гэж мэдээлж байна лээ. Төрийн өмчийн 97 компани бий. Эдгээр компаниуд жил гаруйн хугацаанд 860 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Төрийн өмчийн бүх компаниуд алдагдалтай ажилласан гэдэг буруу.

Монгол Улс 1,900 гаруй объектыг хувьчилсан байдаг. Хувьчлалын тал дээр дөрвөн асуудал бий. Тухайлбал, хувьчлах шаардлагатай, тодорхой хэсгийг нь хувьчлах шаардлагатай, хувьчилж болохгүй объектууд байна. Улс төрийн хувьд энэ ангиллыг зөв хийх тогтвортой байдал чухал.

Дөрвөн чиглэлээр хувьчлалын төслийг би өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш Засгийн газарт оруулж байгаа.

Эрчим хүчний салбарын хувьчлалын хувьд хориотой объектын хувьчлалын асуудал бий. Одоо салбарын сайдууд нь нэг ч объект хувьчлахгүй гэж байгаа. Эрчим хүчний салбарт бодууштай зүйл бий. Тухайлбал Архангай, Говь-Алтай гэх мэт аймгууд уурын зуухнуудаа хувьчилсан. Намар болохоор хувийн сектор нь аймгаа базчихдаг. Тийм үнээр нийлүүлнэ, үгүй бол аймаг хөлдөх хамаагүй гээд гэдийгээд хэвтчихдэг. Олон нийтийн эрх ашгийг хамгаалсан объект дээр хувьчлалыг маш их бодож, үндэслэлтэй хийх хэрэгтэй.

undefined

Зураг ikon.mn-ээс ашиглав
http://ikon.mn/n/194z