7 жилийн өмнө
Олон улсын санхүүгийн төв, Дорнын сувд Хонгконгт жилд ганцхан удаа болдог Монголын хөрөнгө оруулалтын ээлжит чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 20-нд Хонгконгийн Адмиралтейство центре тауэрт эхэллээ.
Монголын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтын идэвхжил нэн чухал байгаа эгзэгтэй цаг мөчид олон улсын болон Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж, тухайн жилд тэдний Монголд чиглэсэн үйл ажиллагаа, хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг томоохон арга хэмжээ болж байна.
Энэ удаагийн Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар болон Фронтиер Секьюритийз ХХК хамтран зохион байгуулж байна. Тус уулзалтанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн, Уул уурхайн яамны сайд Д.Сумъяабазар, Үндэсний хөгжлийн газрын дарга, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хорооны дарга Б.Баярсайхан, Эрдэнэс Монгол ХХК-ны Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нарын албаны хүмүүс болон манай улстай хамтран ажилладаг, Монголыг сонирхдог, манайд үйл ажиллагаа явуулах боломжийг эрэлхийлж байгаа гадаадын бизнесменүүд, хөрөнгө оруулагчид олноор оролцож байна.
Түүнчлэн Тээвэр хөгжлийн банк, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Хонг Конг дахь салбар, Эрдэнэ Ресурс Девелопмент Корп зэрэг Монголын бизнесийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн иржээ. Нэг өдөр үргэлжлэх хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар МУ-ын засгийн газраас баталсан “Гурван Тулгуурт Хөгжлийн Бодлого” бодлого баримт бичиг болон Монголын макро эдийн засгийн реформ, Нэг Бүс Нэг Зам хөтөлбөр, Монголын хөрөнгө оруулалтын орчны нөхцөл байдал , Эрдэнэс Таван Толгой компанийн ирээдүй хэрэгжүүлэх стратеги, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эдийн засгийг идэвхжүүлэх арга замуудыг олон талаас нь хэлэлцэж амжилттай өндөрлөлөө.