7 жилийн өмнө
“Монголын эдийн засгийн чуулган-2018” чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүн бий болгосон эдийн засгийн чуулганыг зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн энэ удаагийн Эдийн засгийн чуулганд Засгийн газрын гишүүд, бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшлүүд болон анх удаа 18 аймгийн Засаг дарга нар өргөнөөр хамтдаа оролцлоо.
“Монгол Улсын Хөгжлийн бодлого ба хөрөнгө оруулалтын хөтөлбөр” нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Уг хэлэлцүүлгээр Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар болон Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацитай Монгол улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Монгол улсын эдийн засгийг тэлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт тавьсан.
Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг хүндэт зочноор оролцож, “Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж” сэдвээр илтгэл сонордууллаа.
Кристин Зенвэй Чиан: “Хөрөнгө оруулалтын чиглэлээр ухаалаг бодлого явуулах нь Монгол Улсын бизнесийнхэн болон иргэдийн хөрөнгө оруулалтаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд тусална. Ялангуяа Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой хамгаалах явдал чухал болохыг хөрөнгө оруулагчид онцолж байна. Бизнесийн орчныг ээлтэй болгон сайжруулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд бид тууштай ажиллана. Бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг болон зохицуулагч байгууллагууд эдийн засгийг төрөлжүүлэх асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгөх шаардлагатай. Гэхдээ эдийн засгийг төрөлжүүлнэ гэхээр “олборлох салбарыг үл хэрэгсэн орхигдуулна” гэж ойлгож болохгүй юм. Монгол Улсын эдийн засагт уул уурхай, олборлох салбар даацтай хувь нэмэр оруулдаг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын зонхилох хувь хэмжээ ойрын ирээдүйд тус салбарт төвлөрөх хандлагатай байгаа. Монгол Улс үр дүнд чиглэсэн оновчтой шийдэлд хүрэхийн тулд дараах хоёр тулгуур арга замыг авч хэрэгжүүлж болох юм.
Хэлэлцүүлэгт оролцогсод:
“Төр, хувийн хэвшлийн диалоги ба хамтын ажиллагаа” нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Уг хэлэлцүүлгийн ач холбогдол нь УИХ, Засгийн газар, яамд болон бусад төрийн захиргааны байгууллагуудаас бизнес, хөрөнгө оруулалттай холбоотой гаргаж буй аливаа шийдвэр, бодлогын баримт бичгийг батлахаас өмнө олон нийт, хувийн хэвшлээр хэлэлцүүлж, тэдний санал шүүмжийг тусгадаг байх зарчмыг хэрэгжүүлэх явдал юм.
Хэлэлцүүлэгт оролцогсод:
Хэлэлцүүлгийг нээж Үндэсний стратегийн хүрээлэн төрийн бус, ашгийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, модератор Б.Мөнхсоёл Төр, хувийн хэвшлийн харилцан үл ойлголцлыг төрүүлж буй хүчин зүйлсээр улс төрийн тогтворгүй байдлыг нэрлээд энэ оны байдлаар төрд нийт 152 гомдол ирсэн тухай мэдэгдлээ.
Үүний дараа Оюу Толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес өөрийн компанийн Монгол Улсын төр, нийгэмд үзүүлсэн хөрөнгө оруулалтын амжилтаас дурдав. Тухайлбал тус компани 2010-2018 он хүртэл манай оронд нийт 7,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнд монгол компаниудад хийсэн төлбөр 73 хувь, ажилчдын цалин 6%, татвар, нийгмийн даатгал, хураамж ба бусад төлбөр 21 хувийг эзэлнэ.
УИХ гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар: Төр хувийн хэвшлийн зөвшилцлийн механизм бий болсон нь харилцан үл ойлголцлын асуудлыг шийдвэрлэх гол арга зам гэж үзэж буйгаа хэлээд “Төр хувийн хэвшлийн хувьчлал өмчийн харилцааг дээдлэх ёстой. Тухайлбал Монгол шуудан компанийн 34%-ийг хувьчилсан. Түүнчлэн Үндэсний хөгжлийн газрын дэргэд Тинк Танк байгуулсан бөгөөд удахгүй Эдийн засгийн хүрээлэн байгуулах тал дээр ажиллаж байна” гэсэн юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид бодит итгэлцэл, байнгын хамтын ажиллагаа төр, хувийн хэвшлийн харилцаанд чухал бөгөөд нэгэнт шийдсэн хуулийн орчноо сахин баримтлах ёстой гэсэн дүгнэлтэд хүрэв.
"Эдийн засгийг бүсчилэн хөгжүүлэх, Төвлөрлийг сааруулах бодлого" нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Төрийн ордны "А" танхимд "Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого" сэдэвт салбар хуралдаан боллоо. Хуралдааныг эдийн засагч Д.Жаргалсайхан ахалж оролцлоо. Тэрээр оролцогчдод хандаж "Бүсчлэн хөгжүүлэх асуудлыг олон жил яригдаж байгаа сэдэв. Хамгийн сүүлд их сонин шийдвэр гарсан. Түүхэн шийдвэр гэж нэрлэсэн. Газар тариалангийн бүс нутгаа зарласан. Нийт 60 сум багтсан. Энэ зөв үү. Бүсчилсэн хөгжүүлэхэд юу нь болохгүй, яагаад болдоггүй юм бэ" хэмээн эхний асуултаа тавилаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Үүнийг ярихын тулд Монгол Улсын эдийн засгийн багтаамж, газар нутаг нь ямар вэ гэдэгтээ дүгнэлт хийх ёстой. Монгол Улсын бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг 2001 онд баталсан. Гэвч хэрэгжилт хангалтгүй. Өнөөдөр Монгол Улсад бүсчилсэн хөгжлийн бодлого гэж байхгүй. Угаасаа байдаггүй. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх тухай хөндөж байна. Үүнийг ярихын бол хоёр хөршөө харах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого гэж ухаарсан зүйл байхгүй. Аж үйлдвэрийн бодлого, хэрэгжилт байхгүй л байна. Монгол Улс эдийн засгийн бүсчлэн хөгжлийг хийх гэж байгаа бол энэ бүхнийг өөрөөр харах ёстой л байх.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Би орон нутагт 25 жил ажилласан. Бүсийн зөвлөл гэж байгуулаад найман жил ажилласан. 2000 оноос эхэлж бүсчлэн хөгжүүлэх тухай яриа хүчтэй гарч эхэлсэн. Хууль, эрх зүйн орчноо ч баталж гаргасан. Эхлэл бол гаагүй тавигдсан. Бүсийн аймгууд хоорондоо жилд хэд, хэдэн удаа уулздаг. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг байсан. Гэвч 2012 оноос хойш зогсчихсон юм. Энэ чиглэлээр хэд, хэдэн юм хийх ёстой. Нэгдүгээрт, удирдлага болон зохион байгуулалтыг нь тогтоох ёстой. Хоёрдугаарт, эдийн засгийг нь яаж хангах вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Хөдөө орон нутагт ажлын байрыг бий болгох, дэмжих ёстой. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт хүн ам, эрх мэдлийн төвлөрөлт бий болчихсон байна. Тиймээс хөрөнгө оруулалтын бүсчлэлийг дэмжих ёстой. Дор хаяж их, дээд сургуулийг хотоос гаргах шаардлагатай. Ипотекийн зээлийг ч хөдөө, орон нутагт олгож эхлэх хэрэгтэй. Энэ мэт төвлөрлийг шийдэх олон гарц бий.
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: Эхлэл бол сайн тавигдсан ч өнгөрсөн дөрвөн жил орхигдсон юм билээ. Засгийн газрын төвшинд энэ асуудлыг дахин авч хэлэлцсэн. Бүсчлэн хөгжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтаа эргэн харах хэрэгтэй гэдэгт санал нэг байна. Бүс нутгийн хөгжлийн гарааны эхлэлийг бий болгох хэрэгтэй. Түүндээ тулгуурлаж эдийн засгийг төгөлдөржүүлэх шаардлагатай. Төвлөрөл, эрх мэдлийн асуудал байна. Бүх эрх мэдэл нь хотод төвлөчихлөөр хөдөө, орон нутагт хүндрэлийг бий болгоод байгаа юм. Эрх мэдлийг зохистой хэмжээнд нь орон нутагт нь шилжүүлэх замаар шийдэх хэрэгтэй. Нөгөө талд орон нутагт үйлдвэр, үйлчилгээ хөгжихөд тогтмол зардал нь өндөр байна. Үүнд бүс нутгийн тогтвортой бодлого барьж, ажиллах хэрэгтэй л гэсэн бодолтой байна.
Хэлэлцүүлэгт оролцогсод:
Хоёр дахь өдрийг хурлыг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ мөн Рио Тинто групп зочноор оролцож, илтгэл тавиллаа.
“Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү”, “Монгол Улсын брэндинг”, “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт”, “Цахим шилжилт ба блокчэйн”, “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” сэдвээр салбар хурлууд амжилт болж өнгөрлөө.
Форумын эцсийн зорилго бол нийгэмд нөлөөлөх байдаг. Аливаа хурал, цуглаан, хэлэлцүүлгийн дараа олон хүний толгойд “Үр дүн нь юу байв” гэх асуулт гарч ирнэ. “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-гийн тэргүүн Д.Энхбат “Форумын дараа шууд шийдвэр гардаггүй ч шийдвэр гаргагчдын толгойд нэг зүйл суулгаж чаддаг хэмээж байсан юм.
Монголын эдийн засгийн форумын төгсгөлд Үндэсний хөгжлийн газар 4 хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
1. Үндэсний хөгжлийн газар болон Дэлхийн банкны групп, Олон улсын санхүүгийн корпораци хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээг Үндэсний хөгжлийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Дэлхийн банк групп, ОУСК-ийг төлөөлж ДБГ-ын хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг хийв.
2. Үндэсний хөгжлийн газрын Аж үйлдвэрийн цахим мэдээллийн санг ашиглах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Үндэсний хөгжлийн газрыг төлөөлж дарга Б.Баярсайхан, “Оюу Толгой” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Армандо Торрес нар байгуулав. Цахим мэдээллийн санг “Оюу толгой” ХХК-ийн худалдан авалтын “Монголд үйлдвэрлэв” бодлогын хүрээнд Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлж буй үйлдвэрлэгчид болон зах зээлийн талаарх судалгаа, шинжилгээ хийх болон худалдан авалтын зарыг илүү оновчтой түгээх үйл ажиллагаанд ашиглах юм. Цаашид “Оюу толгой” компанийн албан ёсны цахим хуудас болох www.ot.mn хуудсанд байршуулсан худалдан авалтын сонгон шалгаруулалтын зар, түүнтэй холбогдох мэдээллийг Цахим мэдээллийн санд мөн байршуулах юм. Тус санг “Оюу толгой” ХХК нь ашигласнаар хөгжлийн хөтөлбөрүүдийг Үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах, Монгол Улсад үлдэх үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
3. Үндэсний хөгжлийн газар болон “Нортерн Рэйлвэйс” ХХК хоорондын “Эрдэнэт хотоос Овоотын уурхайн чиглэлийн төмөр зам төсөл”-ийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгууллаа. Гэрээг Үндэсний хөгжлийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Нортерн Рэйлвэйс” ХХК-ийг төлөөлж Б.Ганбат хийлээ.
4. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичгийг Үндэсний хөгжлийн газрыг төлөөлж дарга Б.Баярсайхан, “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хийлээ.