6 жилийн өмнө
Европын эдийн засаг, санхүүгийн гол төвүүдийн нэг болох ХБНГУ-ын Франкфурт хотноо Үндэсний хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, До́йче банк хамтран зохион байгуулсан Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 6-р сарын 13-нд До́йче банкны төв байранд зохион байгуулагдлаа.
Энэхүү чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн цаашдын төлөв байдал, татварын хуулийн шинэчлэл, банк санхүү, хөрөнгийн зах зээл, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, дэд бүтэц зэрэг эдийн засгийн чухал салбаруудад гаднын хөрөнгө оруулалтыг татах боломжийн талаар хэлэлцлээ.
Уг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд др. Д.Ганбат чуулга уулзалтыг нээж үг хэллээ мөн Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Үндэсний хөгжлийн газрын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнбат нар Монголын хөгжлийн бодлого болон хөрөнгө оруулалтын орчны талаар тус тус илтгэлээ танилцууллаа.
Мөн уг уулзалтын дараа Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Европын санхүүгийн гол төвүүдийн нэг болох Франкфуртын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.
Франкфуртын хөрөнгийн бирж нь зах зээлийн хөрөнгийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх бирж юм. Уг биржийг Европын эдийн засгийн төлөв байдлыг илтгэгч, “том самбар” гэж үздэг.
Нийт 2,339 тэрбум ам.доллараар үнэлэгдэх компаниуд Франкфуртын Хөрөнгийн биржид бүртгэгдсэн байна. Сард дунджаар 122 тэрбум ам.долларын арилжаа хийдэг. Энэ үеэр Франкфуртын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах, төрийн өмчит компаниудын хувьчлах үйл ажиллагааг дэмжих, Монголд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.