6 жилийн өмнө
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 оны 9 дүгээр сард “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр баталсан байдаг. Ядуурлыг устгах, байгаль орчноо хамгаалах, хүний тайван амгалан амьдрах эрхийг хангах зэрэг олон улсын хөгжлийн талаар ирээдүйд биелүүлэхээр санал болгон дэвшүүлж буй багц зорилтуудаа энд хамруулсан байдаг.
Манай улс ч тус хөгжлийн зорилготой уялдуулан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын 19 дүгээр тогтоолоор баталж, Ерөнхий сайдын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 44 дүгээр захирамжаар шалгуур үзүүлэлтүүдийг урьдчилсан байдлаар тодорхойлсон.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлгийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийн хэрэгжилтийг хангах үүднээс салбарын дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдааг сайжруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх механизмыг бий болгох, санхүүгийн болон хяналт, шинжилгээ, үнэлгээний оновчтой тогтолцоог бүрдүүлэн, эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцаж санал бодлоо солилцлоо.
Уг хэлэлцүүлэгт олон улсын байгууллага, суурин төлөөлөгчдийн газар, төрийн бус байгууллагын төлөөлөгчид амжилттай оролцлоо.