6 жилийн өмнө
“Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдах “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нар нээж үг хэлэн, хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нарт хандан бүсчилсэн хөгжлийн бодлогын бичиг баримтад тусгах саналаа чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй оролцохыг хүсэн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Үндэсний хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яам болон “Жайка” Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөллүүд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах арга зүй, Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл ба аймгуудын хөгжлийн асуудал, мөн Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулав. Илтгэлийн дараагаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нарын санал, санаачилга, мэдээллийг сонслоо.
Орон нутгийн зүгээс Говьсүмбэр аймгийн хувьд “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийн ач холбогдлыг үнэлж, тус арга хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн тодорхой бүтээлч саналууд дэвшүүллээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Баян тал сум нь төмөр зам, авто зам, агаарын тээврийн зангилаа дэд бүтэц бүхий талбайн нөөц ихтэй бөгөөд Олон улсын нисэх буудал, тээвэр логистикийн сүлжээ, аялал жуулчлалын цогцолбор байгуулан гадаад болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүний дотор Боржигон хил, заагийг тодорхойлж, Боржигон брэнд бүтээгдэхүүн /гар урлалын/-ийг хөгжүүлэх, Боржигон наадмыг жил бүр зохион байгуулах санал тавилаа.
Мөн хүн амын төвлөрлийг нэмэгдүүлэх дэд бүтцийн нөөц боломж байгаа тул “хүн дагасан хөгжил”-ийг цогцлох үүднээс Улаанбаатар хотод төвлөрөөд байгаа үйлдвэрүүд болон их дээд сургуулиудыг Говьсүмбэр аймагт нүүлгэн шилжүүлэх зэрэг саналуудыг бүчилсэн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгаж хэрэгжүүлэх боломжийг шинжлэх ухааны үндэстэй судлах нь зүйтэй гэж үзлээ.
Хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн төлөөллүүд Говийн бүс нутгийн ландшафтын үнэлгээ, уул уурхай, хүнд үйлдвэр, зам тээвэр, эрчим хүчний салбарын хөгжил, байршлын төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулсан. Үүний дараагаар илтгэлээр танилцуулсан сэдвүүдийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд орон нутгийн зүгээс Говьсүмбэр - Өмнөговь - Дундговь - Баруун бүс рүү чиглэсэн, Зүүн аймгуудыг Говьсүмбэр аймагтай, Шивээ-Овоо сумыг аймгийн төвтэй холбох хатуу хучилттай авто зам тавих, мөн Говийн 4 аймгийг холбосон авто тээврийн бааз байгуулах санал тавьсан.
Түүнчлэн Төвийн бүсийн эрчим хүчний системээс говийн бүсийг хангадаг гол зангилаа нь Говьсүмбэр аймагт байдаг тул энэхүү эрчим хүчний дамжуулах чадварыг нэмэгдүүлэх, Шивээ-Овоо сумын дулааны цахилгаан станцыг байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг саналыг тусгах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд ҮХГ-ын СХБЗГ-ын дарга Д.Эрдэнэбаяр хэлэлцүүлгийг зохион байгуулахад хамтран ажилласан БХБЯ, Соёл урлагийн газар, “Жайка” ОУХАН, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, сумдын Засаг дарга нар болон тус аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нарт талархсанаа илэрхийлж, цаашид “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ийн баримт бичигт тусгах саналыг идэвхтэй хүргүүлэн тус бодлогыг боловсруулахад нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдаж, хэлэлцүүлгийг хаалаа. Нийт 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн хүрээтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.