6 жилийн өмнө
Монгол улсын Засгийн газар Үндэснийсайн дурын илтгэлийн төслийг бэлтгэх үйл явцыг зохион байгуулахаар Ерөнхий сайдын 2018 оны 165 дугаар захирамжаар Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын ахaлсан Ажлын хэсгийг байгуулсан билээ. Үндэсний хөгжлийн газар нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газар болон Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээрх “Үндэсний сайн дурын илтгэл” (ҮСДИ)-ийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг 2019 оны 04-р сарын 15-ны өдрийн 9 цагт “Шангри-ла” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Үндэсний хэлэлцүүлэгт Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын Монгол Улс дахь хэрэгжилтийг хариуцсан төв болон орон нутгийн төрийн эрх бүхий байгууллагын албан тушаалтaнууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, олон улсын түншүүд, болон хэвлэл мэдээллийнхэн оролцож төсөлд тусгах санал зөвлөмж гаргалаа.
“Дэлхийн зорилгууд” хэмээн ТХЗ-ыг 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн чуулга уулзалтаар 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий урд өмнө хэзээ ч байгаагүй дэлхийн хамгийн том хөгжлийн хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр НҮБ-ын 193 гишүүн улс орон баталсан. Энэ хөтөлбөр нь тогтвортой хөгжлийг цогцоор нь харж дэлхийн зорилтуудыг гаргасан бөгөөд улс орнууд өөрсдийнхөө бодлогод тусгаж хэрэгжүүлэхээр тодорхойлсон. Улс орнууд ТХЗ-ын хэрэгжилтээ дүгнэх зорилгоор сайн дурын үндсэн дээр ҮСДИ-г бэлтгэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн улс төрийн Өндөр түвшний чуулга уулзалтаар танилцуулдаг. ҮСДИ нь ТХЗ-ын хэрэгжилтийн явцыг хянах, чиглүүлэх, ТЗХ хэрэгжүүлэх туршлага хуваалцах, олон талт дэмжлэг, түншлэлийг дэмжих зорилготой. Монгол улс нь энэ оны 7-р сард ҮСДИ танилцуулах 42 улсын жагсаалтад багтсан. ҮСДИ-д манай улсын хөгжлийн нэн тэргүүний асуудлуудыг хамран одоогийн бодлогын хүрээ, МУ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, ТХЗ-ын хэрэгжилтийн ахиц дэвшлийн үнэлгээ хийж, цаашид юуг анхаарах талаар дурддаг. Илтгэлийн төсөлд ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх, ТХЗ-ын хэрэгжилтийг удирдан зохион байгуулах бодлогын орчныг илтгэх болон манай улсын хөгжлийн тулгамдсан асуудал болсон агаарын бохирдлын асуудлыг судалж, цаашид анхаарах асуудлыг дэвшүүлээд байна.