6 жилийн өмнө
Монголын бизнесийн зөвлөл болон Үндэсний хөгжлийн газар хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг тогтворжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, холбогдох хууль эрхзүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагч нарт мэдээлэл өгөх, Төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны ажлыг эрчимжүүлэх зорилготой.
Тус санамж бичгийг байгуулснаар талууд хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хоёр байгууллага хооронд мэдээлэл солилцох, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын гарын авлагыг боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.
Мөн Монголын бизнесийн зөвлөл нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийн дэргэд байгуулагдсан “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны Зохицуулагчийн үүргийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд хөрөнгө оруулагч нарт тулгамдаж буй асуудал болон УИХ, ЗГ-ын түвшинд хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй шийдвэрийн төслийг уг хороогоор хэлэлцүүлэн хувийн хэвшлийн саналыг төрийн байгууллагуудад хүргэх зорилготойгоор ажиллаж байна.