6 жилийн өмнө
“Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулах Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон “ЖАЙКА” Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Үндэсний цогц төлөвлөгөө боловсруулах төслийн багтай хамтран амжилттай зохион байгуулсан.
Тус хэлэлцүүлгийн үеэр Нэгдсэн хуралдаанаас гадна нийгэм, эдийн засаг болон байгаль орчны салбар хуралдаанууд зохион байгуулагдсан. Нэгдсэн хуралдаан ба салбар хуралдаанууд дээр Үндэсний хөгжлийн газрын төлөөллүүд Монгол Улсын эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн асуудал, хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл, Төрөөс нийгмийн үйлчилгээний талаар баримтлах жишиг норматив болон Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил байршлын төлөвлөлтийн талаар, мөн “ЖАЙКА”-ийн төслийн багийн Дэд ахлагч Үндэсний цогц төлөвлөгөө боловсруулах төсөл болон тус аймгийн хөгжлийн асуудлуудын талаар илтгэл танилцуулж, тухай бүр хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагдсан нэгдсэн болон салбар хуралдаануудаас бодитой эерэг үр дүнгүүд гарсан. Тухайлбал, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн зүгээс “Эрдэс баялаг түүхий эд иж бүрэн санаачилга /ЭТИС/” хөтөлбөрийг Орхон аймагт хэрэгжүүлж эхлэхээр болсон, мөн БНСУ-ын зүгээс цагаан тоос болон усны бохирдлыг арилгахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулахаа илэрхийлсэн юм.
Орон нутгийн зүгээс аймгийнхаа газар нутгийн байршил, хүн амын бүтэц, боловсрол, дэд бүтцийн байдал гэх мэт онцлог давуу талаа ашиглан, шинжлэх ухаан, технологи, инновацид тулгуурласан өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх бодлого баримталж ажиллах саналыг дэвшүүлсэн. Тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл дагасан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мөн Булган, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ аймгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл байгуулахыг дэмжих, Агро парк байгуулах болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг баримтлах нь зүйтэй гэж үзсэн.
Мөн Монгол Улсад төдийгүй дэлхийн зах зээлд гарах бүтээгдэхүүнтэй болоход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр ажиллах шаардлагатай гэж орон нутгийн зүгээс онцолсон. Тиймээс аймгийн цаашдын хөгжил, бүтээн байгуулалтад бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо, үлгэрлэл манлайлал маш чухал байгааг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэлэлцүүлгийн хааж дүгнэн хэлэхдээ цохон тэмдэглэв.
Хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөл, Байгаль орчин аялал жуулчлалын яамны төлөөлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, “ЖАЙКА” Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, сумдын Засаг дарга нар, мэргэжлийн холбоод, төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон иргэдээс бүрдсэн нийт 400 гаруй бүрэлдэхүүнтэй өргөн хүрээтэй хэлэлцүүлэг болж өндөрлөв.