6 жилийн өмнө
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг үндэслэн Монгол улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинээр боловсруулж буй ажлын хүрээнд Үндэсний хөгжлийн газар нь 2019 оны 5 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд “Монголчуудын үнэт зүйл” болон “Монгол улсын хөгжлийн философи” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Үндэсний хөгжлийн газрын “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөл”-ийн гишүүд, мэргэжилтнүүд, БСШУСЯ, Соёл урлагийн газрын удирдлага, мэргэжилтнүүд болон Шинжлэх ухааны Академи, хүрээлэн, Их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид нар хүрэлцэн ирж оролцлоо.
“Монголын үнэт зүйл” нэрийн дор зохион байгуулагдсан эхний өдрийн уулзалтыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан албан ёсоор нээлээ. Тэрбээр нээлтийн үгэндээ Засгийн газраас үндэсний болон салбарын, орон нутгийн түвшний бодлогыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, уялдуулан зохицуулах бодлого нь “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” байна гэж үзэж буйгаа илэрхийлэн тус бодлогыг боловсруулах бүх яамдын төлөөлөл бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж байгааг мэдэгдэв. Түүнчлэн, энэхүү бодлогыг шинээр боловсруулж буй энэ цаг үед нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг хангаж, чиглүүлдэг гол хүчин зүйлүүдийн нэг Монголчуудын үнэт өвийг уламжлан хадгалж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн, зэрэгцэн хөгжих зарчмыг бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах чиглэлээр болон өөрийн орны хөгжлийн философийн талаар эрдэмтэн мэргэдийнхээ үг, зөвлөмжийг сонсож, мэдлэгээ хуваалцаж, санал бодлоо солилцон нэгдсэн нэг ойлголтод хүрч, түүнд үндэслэн тус хөгжлийн бодлогыг боловсруулах нь чухал гэдгийг онцоллоо.
Уулзалтын эхэнд “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн арга зүйн асуудал” сэдэвт илтгэлээр Үндэсний хөгжлийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах ажлын хүрээнд хийж, гүйцэтгэж байгаа ажлын талаар ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр танилцууллаа.
Үүний дараагаар ҮХГ-ын “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөл”-ийн гишүүд, мэргэжилтнүүд, Шинжлэх ухааны академи, Их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид Төрт ёс, түүх, археологи, Палеонтологи, Хүн ам, угсаатны зүй, соёлын биет болон биет бус өв, Хэл соёл, шашны гүн ухааны чиглэлүүдээр илтгэл танилцуулсан бөгөөд тус сэдвүүдийн хүрээнд эдгээр үнэт зүйлсийг уламжлан хадгалах, хамгаалах, үр хойчдоо өвлүүлэх, хэрэглээг өргөтгөх боломж, хөгжлийн бодлогод тусгах санал, зөвлөмжийн талаар оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, байр сууриа илэрхийллээ.
“Монголын хөгжлийн философи” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан уулзалтын хоёр дахь өдөр Монголын хөгжлийн философийг боловсруулах, Эдийн засгийн өсөлт, хөгжлийн эдүгээгийн хүрсэн түвшин, эцсийн үр дүн, эерэг ба сөрөг нөлөөллүүд, Нийгмийн тогтвортой хөгжил ба хувь хүний ёс суртахууны ухамсар зэрэг асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч харилцан санал солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэхүү хоёр өдрийн зөвлөлдөх уулзалтын үр дүнд Эдийн засгийн өсөлтийг тооцох альтернатив тооцооллыг анхаарч үзэх, зах зээлийн үндсэн үнээр тогтоох нь зүйтэй бөгөөд бидний өсөлтийн тооцоолол бодитой биш учир өсөлтийн тоонд хуурагдахгүй байх, мөн Монгол Улсын хөгжлийн асуудалд иргэний ёс суртахууны асуудал чухал бөгөөд ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэх асуудлыг онцгой анхаарч үзэх, Монгол улсын хөгжлийн онол, практикийг гадны улс тодорхойлох боломжгүй бөгөөд Монголчууд өөрсдөө тодорхойлох нь маш чухал зэрэг санал, зөвлөмж гаргалаа.
Түүнчлэн, Монгол Улс Сансар огторгуйн судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр хөгжих боломжтой талаар маш сонирхолтой тооцоо судалгаа, мэдээлэл танилцуулсан. Монголын говийг дэлхийд гаргах хөгжлийн гарц бүрэн дүүрэн байгаа бөгөөд Монголын геофизик, геополитикийн давуу талыг ашиглах боломжтой байгаа саналыг дэвшүүллээ.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндэсний хөгжлийг газраас Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг төрийн бодлогод хүргэх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэн Засаглалын тогтолцоо зүгширчихвэл улс орны хөгжил гацаанаас гарч хөгжих боломж бүрэн байгааг тэмдэглэлээ.