Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг Хөвсгөл аймагт зохион байгуулагдлаа


6 жилийн өмнө


Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахад аймаг, сум хэрхэн оролцож санал боловсруулан ирүүлэх талаар чиглэл өгөх, тус бодлогыг боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн 17 салбарын судалгааны эхний тайланг хэлэлцүүлж, санал солилцох зорилго бүхий Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон “ЖАЙКА” Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн багтай хамтран Хөвсгөл аймагт амжилттай зохион байгуулав.   

Wo7JurRDcySIiWw.jpg

KZdASj5jF3GJWmW.jpg

Хэлэлцүүлгээр Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах арга зүй, Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжил, байршлын төлөвлөлт, Бүс нутгийн хөгжил, хот төлөвлөлтийн бодлогыг түүх, соёлын өвд тулгуурлан төлөвлөх нь зэрэг сэдвүүдээр Үндэсний хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн багийн төлөөллүүд илтгэл хэлэлцүүллээ.

jNQFrO2PI6lq7NV.jpg

Тус хэлэлцүүлгийн үр дүнд орон нутгийн зүгээс Бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах саналуудыг дэвшүүллээ. Тухайлбал, тосгодын хөгжлийн асуудалд анхаарах, хязгаар нутгийн ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, суурьшлыг бий болгох, чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, мөн   зөгийн аж ахуй, хаягдал модыг боловсруулах аж ахуйг дэмжин хөгжүүлэх зэрэг саналуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр илүү нарийвчлан судалж ажиллах нь зүйтэй гэж үзсэн.

uQ9QYsxY4h3bMIl.jpg

Мөн “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжил, байршлын төлөвлөлт” сэдвийн хүрээнд өрнүүлсэн хэлэлцүүлгээр Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой тул тус чиглэлээр хэрэгжүүлбэл зохих саналуудыг дэвшүүллээ. Үүнд:

- ҮХГ-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” загвар төсөл хэрэгжиж буй аймгуудад Хөвсгөл аймгийг нэмэн оруулах;

- Аймгийн онцлогийг бүрэн харуулах цогцолборуудыг барьж байгуулах, тэр дундаа Алунгоо эхийн цогцолбор, Цагаан-Үүр суманд “3 аварга” монгол бөхийн шүтээн цогцолбор байгуулах;

- Аялал жуулчлалын тогтсон маршрутыг гаргах, чиглэл бүрээр мэргэжлийн хөтөч бэлтгэх, орон нутгийн ажиллаж байсан амралт, сувиллын газруудыг сэргээж тохижуулах, “Эко 00” нэвтрүүлэх, ашиглах зэргээр стандарт аялал жуулчлалыг бүрэн утгаар хөгжүүлэх;

- Аялал жуулчлалын төрлийг нэмэгдүүлэх, тэр дундаа орон нутгийн онцлог, соёлын биет болон биет бус өв тээгчид болох Цаатан үндэстэн амьдардаг бүс нутаг /Цаатны хотхон/-т “фестиваль” арга хэмжээ зохион байгуулах зэргээр аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулах.

Түүнчлэн аялал жуулчлалын гол төв болсон аймгийн хувьд жуулчдыг хүлээн авах даац нөөцийг зөв тогтоож, цаашид хэрхэн хангах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэлээ.

igKR7BseJI1ZB6r.jpg