Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг Сэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа


6 жилийн өмнө


 “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдах бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймагт 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), “ЖАЙКА”-ийн Үндэсний Хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн багтай хамтран зохион байгууллаа.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан хэлэлцүүлгийг нээж, Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЖАЙКА-гийн Төслийн багийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Яманэ Хароу нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм.

wBtPaHNwOqmUVUt.jpg

7TLOzEXOvyLFDuK.jpg

Хэлэлцүүлгээр Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахад аймаг, сум хэрхэн оролцож санал боловсруулан ирүүлэх талаар чиглэл өгсөн бөгөөд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн 17 салбарын судалгааны эхний тайлангийн танилцуулгыг хийж, хэлэлцүүлэг зохион байгуулан орон нутгийн удирдлага, иргэд, аж ахуй эрхлэгчид болон хөгжлийн бодлого төлөвлөгчдийн саналыг сонслоо.

jY8bNjscs38qqU0.jpg

Хэлэлцүүлгийн үеэр судалгааны үр дүнд үндэслэн орон нутгийн зүгээс Бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах дараах саналуудыг дэвшүүлсэн:  

- Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг аймгийн дотоод бүсүүдээр хийн бодлогыг боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,

- Бүсчилсэн хөгжлийн бодлогод Монгол хүний үнэлэмж, Монгол мал, Монгол  газрын үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлогыг тусгах,

- “Тариалангийн бүс нутаг” гэсэн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг барих, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн газар тариалан, мал аж ахуйн хосолсон загвар аж ахуйг хөгжүүлэх,

- Нэгдсэн мал бордох цэг, түүнээс махны үйлдвэртэй холбогдох чиглэлийг бий болгох,

- Ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийг ядуурлаас гаргах бодлого хэрэгжүүлэх,

- Орон нутгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг  хөгжүүлэх,

- Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн саналууд гарлаа.

xvlnRdH1tDscp5r.jpg

Хэлэлцүүлгийн төгсгөлд ҮХГ-ын дарга Б.Баярсайхан нийт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт хандан Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, орон нутгийн “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-д тусгах саналыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, мөн “Өмнийн говийн бүсийн хөгжлийн хөтөлбөр”-т тусгах саналыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдтэй нягт хамтран ажиллан дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгах саналыг идэвхтэй өгч хамтран ажиллах талаар уриаллаа. Түүнчлэн дээр дурдсан ажлын хэсгүүд ч мөн адил орон нутгийн захиргааны байгууллага, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн саналыг нэгтгэн ҮХГ-т тухай бүрд нь хүргүүлж хамтран ажиллах чиглэл өглөө.

Мөн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Ж.Сайнцог болон сумдын Засаг дарга нар, хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нартаа талархсанаа илэрхийлж, “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулахад нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцүүлгийг хаалаа.