Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт зохион байгууллаа


6 жилийн өмнө


“Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдах бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), “ЖАЙКА”-ийн Үндэсний Хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн багтай хамтран амжилттай зохион байгууллаа.

3gJCblNQfXzhqw4.jpg

Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр хэлэхдээ, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахад идэвхтэй хамтран ажилласан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, бүх сумын Засаг дарга нар болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгчид, эрдэмтэн судлаачид, хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ энэхүү арга хэмжээнд “ЖАЙКА” Японы олон улсын байгууллага, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) оролцож байгааг онцлон хэлэлцүүлэг нь Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах арга зүйн асуудал, эдийн засаг, нийгмийн салбаруудын хөгжил байршлын судалгааны талаар орон нутгийн удирдлагууд, иргэд, бизнес эрхлэгчидтэй санал солилцож, Дархан-Уул аймгийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах зорилготой гэдгийг илэрхийллээ.

qGqpu40Atl8LqDg.jpg

Хэлэлцүүлэг 3 салбар хуралдаанаар зохион байгуулагдсан бөгөөд тус салбар хуралдаануудаар “Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах арга зүй”, “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ”, “Тогтвортой хөгжлийн түншлэлийн зөвлөл”, “Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшил, хот байгуулалтын хөгжил, байршлын төлөвлөлт”, “Зам тээврийн салбарын хөгжил байршлын төлөвлөлтийн асуудал” гэсэн сэдвүүдээр илтгэл танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

v3XwjFMVikHDR8M.jpg

Тус сэдвүүдийн хүрээнд орон нутгийн зүгээс “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-д тусгах дараах саналуудыг дэвшүүлсэн:

- Дархан-уул аймгийг эко хүнсний үйлдвэрлэлийг дэмжсэн, аж үйлдвэрлэл, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх. Үүний дотор Хонгор сумыг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр, Орхон сумыг газар тариалан, туслах аж ахуйн чиглэлээр, Шарын гол сумыг уул уурхай, уламжлалт мал аж ахуйн чиглэлээр, Дархан хотыг аж үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр хөгжүүлэх,

- “Дархан үйлдвэр технологийн парк”-ийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас тусгайлан бодлогоор дэмжиж эрчимжүүлэх,

- Арьс шир, ноос, ноолуур зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг Дарханд шилжүүлэн байршуулах,

- МУИС, ХААИС, ШУТИС гэх мэт их, дээд сургуулиудын бүрэлдэхүүн, салбар сургуулиудыг шилжүүлэн төвлөрүүлэх. Мөн үүнтэй уялдуулан Эрдэм шинжилгээний зарим байгууллагуудыг Дархан хотод шилжүүлэн төвлөрүүлэх,

- Хөгжлийн эх үүсвэр нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж үзэн Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэр шиг экспортын зориулалттай 2-3 том үйлдвэр барих,

- Үндэсний Олон нийтийн радио, телевизээр “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг өдөр тутам сурталчлан иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах,

- Дархан-Уул аймгийн хувьчлагдаад 29 жил ажиллаагүй үйлдвэрүүдийг сэргээх хууль хэрэгтэй,

- Улаанбаатараас Дарханы чиглэлийн 4 урсгалтай шинэ зам тавихтай зэрэгцүүлээд зам дагуух суурьшлын бүсийн асуудлыг замын төлөвлөлтөд тусгах

- Эрдэнэтийн гүүрнээс тосгон хүртэл Хараа голыг иж бүрэн ойжуулах зэрэг саналууд орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөллөөс гаргасан.

f91ibnzPOWWvDWb.jpg

Хэлэлцүүлгийн төгсгөлд ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, бүх сумдын Засаг дарга нар, тус аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн хамт олон, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч болон хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нарт талархсанаа илэрхийлэн, хэлэлцүүлгийг хаалаа.