“Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2020-2045 он” болон түүнийг хэрэгжүүлэх “Дунд хугацааны төлөвлөгөө 2020-2025он” төсөл боловсруулах ажлын хэсгийн уулзалт болж өнгөрлөө


5 жилийн өмнө


Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн уулзалт болж өнгөрлөө. Ажлын хэсгийг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүдээр нь Засгийн газрын яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллаж байгаа билээ.

EZjbmzcCFVlGMZs.JPG

2019 оны 5 дугаар сарын 20-нд болсон анхны хурлын үеэр Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөх, өнгөрсөн жилүүдийн алдаа оноо нь хаанаа байсан, салбар тус бүрт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, ирээдүйн хөгжлийн төсөөллийг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөж болохыг ажил хэрэгч, шинэлэг байдлаар боловсруулж дэлгэрэнгүй танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосон юм.

d9vukME88dvzzyc.JPG

Үүний дагуу 2019 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 4-ний өдөр ажлын хэсэгт багтаж байгаа Засгийн газрын 13 яамдын төлөөлөл болох Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга нарын Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт хугацаанд хэрхэн төлөвлөх, салбар тус бүрийн өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, салбар дундын уялдаа холбоо, холбогдох санал, дараагийн 25 жилийн хөгжлийн төсөөлөлтэй танилцаж санал бодлоо солилцлоо.

9jRK5etB160fqnT.JPG

Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь тунхагийн чанартай бус, улс орны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, бүх салбарын хөгжлийг хангасан, ТЭЗҮ-д суурилсан томоохон төслүүдээ тодорхой болгосон, иргэдийн дэмжлэгийг авсан байх ёстой гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, гишүүд санал нэгдэж байсан юм.

Тиймээс Яамд, Агентлаг тус бүр өөрсдийн салбарын нь хөгжлийн бодлогын төсөөллөө танилцуулж, тоо, статистик дээр хэлэлцүүлэг өрнүүлж, тал талын ойлголтын зөрүүгээ нэгтгэхийг зорьж байгаа юм.

vFvebJhihfG8ofm.JPG

Цаашид бүх талын оролцоог хангах зорилготой хэд хэдэн шатны хэлэлцүүлгийг улс орны хэмжээнд өрнүүлэх, төлөөллийн зарчмаар нийслэл, хөдөө орон нутгийн иргэдийн саналыг тусгахаар ажлын хэсгийнхэн төлөвлөж байна.

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Үндэсний хөгжлийн газар ажиллаж байна.