5 жилийн өмнө
“Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдах бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг 16 дахь аймаг болох Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Аймгийн засаг дарга А.Гылымхан, Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн албан хаагчид оролцлоо.
Үндэсний хөгжлийн газраас “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах арга зүй, аргачлал, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын бодлогын судалгааны үр дүнг танилцуулж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хэлэлцүүлэг 2 салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн зүгээс дараах саналыг дэвшүүлсэн.
Эхний хуралдаанаар: “Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах арга зүй”, “Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт”, ”Тогтвортой хөгжлийн түншлэлийн зөвлөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал-Дэд бүтцийн тэнхлэгүүд ба мянганы зам” сэдэвт илтгэл танилцуулагдаж хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Орон нутгийн зүгээс дэвшүүлсэн саналууд:
Баян-Өлгий аймагт хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах;
Газар зүйн байршлын давуу тал, үзэсгэлэнт байгаль, үндэсний онцлог ёс заншил болон хөх эрэг, даянгийн боомтод түшиглэсэн хил орчмын болон дамнасан аялал жуулчлал, бүх төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн нөөц боломжтой байна;
ОХУ, БНХАУ-тай хиллэж байгаа хилийн боомтуудад түшиглэн гадаад худалдааг хөгжүүлэх, транзит тээвэр, логистикийн төв байгуулах;
Асгатын мөнгөний уурхайг ашиглалтад оруулах;
Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, чадвартай хүний нөөцийг бэлтгэх бодлого боловсруулах;
Баруун бүсийн аймгуудад бүсийн нэмэгдлийг боломжит хэлбэрээр шийдвэрлэх боломжийг дэмжих;
Аймгийн төвийг хотын статустай болгох, сумдад хүний тоотой харьцуулсан эмчилгээ, үйлчилгээний бодлого боловсруулах;
Гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцэд холбох, хог боловсруулах үйлдвэр байгуулах;
Аймгийн төвийн онгоцны буудлыг нүүлгэн шилжүүлэх, олон улсын онгоцны буудал болгох өргөтгөх;
Хоёрдугаар хуралдаанаар: “Байгаль орчин аялал жуулчлалын салбарын хөгжил байршлын төлөвлөлт”, “Эрчим хүчний хөгжил байршлын судалгаа” сэдвээр илтгэлүүд танилцуулагдсан.
Орон нутгийн зүгээс дэвшүүлсэн саналууд:
Хүн амын өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан Майхан толгойн усан цахилгаан станц, Дулааны 2-р цахилгаан станцыг байгуулах
Даянгийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам тавих
МАА гаралтай бүтээгдэхүүний эргэн мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх
Сагсай суманд цементийн үйлдвэрийг байгуулах, барилгын материалын үйлдвэрийг байгуулах
Таваарын бетон зуурмагийн үйлдвэрийг байгуулах
Хотын болон сумын нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөг хийх
Алтанцөгц суманд газар тариалангийн үйлдвэрийг хөгжүүлж өвс тэжээлээр бусад сумыг хангах
Баян-Өлгий аймгийн хувьд газар тариаланд тохиромжтой газрын хэмжээ бага хэдий ч усан хангамж сайн, хөрсний үржил шим сайтай органик хүнсээр хангах нөөц боломжтой байна. Иймд шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалан түүний дотор арвай тариаланг хөгжүүлэх
Цагаан нуурын боомтыг уртасгасан цагаар ажиллуулах
Хил дамнасан худалдааны асуудлыг төрийн бодлогоор дэмжих
Аялал жуулчлалын 4 дэх бүс болгон зарлаж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх
Спорт, ангийн аялал жуулчлалыг хөгжүүлж эргэлтэд оруулах
Загасны аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг саналуудыг дэвшүүллээ.