5 жилийн өмнө
Солонгосын Хөгжлийн Институт /Korea Development Institute KDI/ нь Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам болон Хөгжлийн банктай хамтран түнш орнуудад бодлогын гол чиглэлүүдийг тодорхойлоход туслалцаа үзүүлэх, тус улсын хөгжлийн мэдлэг, туршлага солилцох зорилго бүхий “Мэдлэг солилцох хөтөлбөрийн цогц зөвлөгөөний төсөл”-ийг эхлүүлсэн.
Энэхүү төслийн зорилго нь түнш орнуудын хэрэгцээнд нийцсэн бодлогын цогц зөвлөгөөг гаргаж, нарийвчилсан дүн шинжилгээ хийх, бодлогын зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахад оршиж байгаа юм.
2018 оны 10, 12 дугаар болон 2019 оны 1 дүгээр саруудад Бүгд Найрамдах Солонгос Улсын судлаачид Улаанбаатар хотод зочлон Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай танилцан судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 2019 оны 3 дугаар сард Монгол Улсын төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсад зочлон уг судалгаа, шинжилгээний ажлын талаар хэлэлцэж, тус улсын туршлагаас судалсан.
Энэхүү хоёр талын хамтын ажиллагааны эцсийн шат болох судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, түүнийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар Үндэсний хөгжлийн газар нь Солонгосын Хөгжлийн Институт /Korea Development Institute KDI/, Сангийн яам болон Хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж, санал бодлоо солилцлоо.