5 жилийн өмнө
Япон, Монголын иргэд, бизнес эрхлэгчид, соёл урлаг, боловсролын салбарынхны хооронд гүүр болж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Япон фестиваль Монголд-2019” арга хэмжээ, өдөрлөг 2019 оны 8 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, Үндэсний хөгжлийн газар дэмжигч байгууллагаар оролцлоо. .
Тус арга хэмжээний нээлтийн ёслолын арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такаока Масато, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар уригдан оролцсон бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Япон Улсаас Монголд Улсад орж ирэх хөрөнгө оруулалт жил бүр өсөж байна. Үндэсний хөгжлийн газар нь Японы консорциум буюу “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-тай шинэ нисэхийн менежментийг хийх гэрээг 7 дугаар сард амжилттай байгуулсан. Бид дараа жилийн өдийд гэхэд Японы Нарита олон улсын нисэх онгоцны буудалтай адил стандарт бүхий нисэх буудалтай болсон байна. Японы хөрөнгө оруулалт дан ганц уул уурхайн бус, бусад салбарт ихээхэн нэмэгдэж байгаа нь эдийн засгаа солонгоруулах Монгол Улсын Засгийн газрын бодлоготой ихээхэн уялдаж байна” хэмээн онцлов.