5 жилийн өмнө
Гурван тулгуурт хөгжлийн бодлогын 9 дэх зорилтын хүрээнд “Утаагүй Улаанбаатар-2020” төслийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын дагуу 2019 оны 5-р сараас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэглээний түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тус тогтоолын хүрээнд Эрдэнэс таван толгой компанийг түшиглэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Таван толгой түлш ХХК-ийг 2018 оны 05 дугаар сарын 10- ны өдөр байгуулсан билээ. 2019 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр Үндэсний хөгжлийн газрын дарга бөгөөд Эрдэнэс таван толгойн ТУЗ-ын дарга Б.Баярсайхан, ТУЗ-ийн гишүүд, ажилтан албан хаагчидтай хамт үйлдвэрийн үйл ажиллагааны явц, хэрэгжилттэй танилцлаа.
Таван толгой түлш ХХК нь одоогоор 600 гаруй ажилчдын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ өвөл Улаанбаатар хотод түүхий нүүрс шатаахгүй бөгөөд Таван толгойн түлш компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг айл өрхүүд хэрэглэх юм. Тус сайжруулсан шахмал түлшний стандарт техникийн шаардлага MNS 5679:2014-ийг хангасан бөгөөд түлшийг худалдан авахдаа иргэд смарт карт ашиглан нийслэлийн тодорхой цэгүүдээс худалдан авах боломжтой.
Мөн энэ картын тусламжтайгаар иргэдийн хэрэглэж буй түлшний хэмжээг хянах юм. Нийслэлийн хэмжээнд 504 цэг байгуулахаар ажиллаж байгаагаас 344 борлуулалтын цэг үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Одоогийн байдлаар Таван толгой түлш ХК нь нийт 165,000 тонн шахмал түлш нөөцлөөд байна.